Амгалан амаржих газар эх барихын яаралтай тусламжийн төвтэй болов

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-09-10 09:08:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүн амын сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд нийслэлийн Амгалан амаржих газарт эх барихын яаралтай тусламжийн ур чадварын  төвийг нээлээ.

Тус төвийг эх, нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай биет үзүүлэн, хэрэгсэл материалаар тоноглосон бөгөөд эмч мэргэжилтэн дуураймал орчинд дадлага хийж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжтой болж байгаа юм.

Мөн тус амаржих газарт үндэсний хэмжээний лавлагаа төвтэй холбогдох телемидициний камерыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт суурилуулав. Ингэснээр эх барих, эмэгтэйчүүдийн ноцтой хүндрэл, яаралтай тусламжийн үед цаг хугацаа алдахгүйгээр  зөвлөгөө авах, тусламж үйлчилгээ үзүүлэх, улмаар эх, нярайн амь насыг аврах боломж, нөхцөл бүрдэж байна.

Төвийн нээлтэд НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд нар оролцсон юм.

Дашрамд дурдахад, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан тодорхой ажлуудыг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал, нийслэлийн Багануур, Налайх, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв болон Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалтын хэрэгцээ, мэдээлэл, харилцааны технологийн чадамжийн талаар хурдавчилсан үнэлгээ хийжээ.


Related news