Биет бус соёлын өв өвлөн уламжлагчид цөөрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-13 09:47:04

Монгол түмний дахин давтагдашгүй гайхамшигт өвийг уламжулан авч явж байгаа хүмүүс өдрөөс өдөрт цөөрсөөр байна. Сүхбаатар аймгийн хэмжээнд 2010 онд хийгдсэн судалгаагаар соёлын биет бус өв өвлөн уламжлагч 88 иргэн байжээ. Харин 2016 оны 3 сарын мэдээгээр энэ тоо 69 болж 21-ээр цөөрчээ.

Биет бус соёлын өвийн нэг онцлог нь өвийг тээж буй хүн үгүй болоход тухайн өв өөрөө дагаж устдаг байна.

Бид бүхний сайн мэдэх хөөмий, ерөөл магтаал, морь болон бөхийн цол гээд бүгд л биет бус соёлын өвд тооцогддог.

Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей сүүлийн жилүүдэд дээрх биет бус өв тээгчдээ алдаршуулах, бусдад сурталчилан таниулах ажлыг санаачлан зохион байгуулж иржээ. 2013 онд бүжиг дэглээч н.Түмэннастыг Дарьганга бүжгийг тайзнаа амилуулсаны 25 жилийн ойд зориулан алдаршуулах ажлыг анх зохион байгуулжээ. 2014 онд уран дархан Н. Амартайван, 2015 онд дархан Г. Эрдэмбилэг нарыг алдаршуулж хамтарсан үзэсгэлэн гаргажээ.

Аймгийн Угсаатны зүйн музей болон сумдын соёлын төвүүд биет бус өв өвлөн уламжлагчдыг  бүртгэдэг юм.

Т. Одончимэг

Related news