ААН-үүд чанарын шаардлага хангахгүй хяналтын камер тавьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 10:05:41

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг камержуулах тухай аймгийн ИТХ-ын 04 тоот тогтоол гарсан. Ялангуяа архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдийг түлхүү хамруулах шаардлагатай. Байгууллагууд камер тавьж байгаа ч чанарын шаардлага хангахгүй, хүний нүд хуурсан камер тавьж буйг шүүмжилж байна.

Дээрх тогтоолд зааснаар аймгийн хэмжээн дэх төрийн болон ТББ, бүх ААН-үүд дотор болон гадна талдаа хяналтын камертай байх шаардлага тавьсан. Баруун-Урт суманд гэхэд архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй 85 ААН байна. Үүнээс тогтмол үйлчилгээ явуулдаг гэвэл арай бага тоо гарна. Хяналтын камер гэдэг тухайн ААН, дэлгүүр үйлчилгээний байгууллага хулгайд эд зүйлсээ алдахаас сэргийлэх, сэжигтэнг барих гол баримт болдог. Зөвхөн өөрсдөд нь ашигтай төдийгүй гаднах камер аливаа гэмт хэрэг гарсан тохиодолд тухайн орчмын байгууллагын камерын тусламжтайгаар хэрэгтнийг илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч байгууллагууд хямд төсрийг нь бодож чанарын шаардлага хангахгүй, дүрсний ялгарал муу камер суурилуулж буйг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.

Хяналтын камер дунджаар 300-400 төгрөгний үнэтэй байдаг. Чанар үзүүлэлтээс хамаараад үнэ нь нэмэгдэнэ. Хамгийн багадаа 20 хоногийн бичлэг хадгалах чадалтай байх ёстой. Мөн Аж ахуй нэгжүүдийг шөнийн цагийн гэрэлтүүлгээ сайжруулж, 20-30 метр кв талбайг гэрэлтүүлэх хэмжээнд тусгалтай байх шаардлага тавьж байгаа юм.

Т. Одончимэг

Related news