“Хүүхдэд ээлтэй засаглал” өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймаг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдэд ээлтэй орон нутаг” болох хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2016 оныг аймгийн хэмжээнд “Гэр бүл-Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, сар бүрийн 11-ний өдрийг “Хүүхэд, гэр бүлийн өдөр” болгожээ.
Тус өдрийн хүрээнд Хотгойдын баатар Чингүнжавын талбайд “Хүүхдэд ээлтэй засаглал” өдөрлөгийг зохион байгуулж өдөрлөгт ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Баавгай, Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Түвшин, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгаль, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөллүүд, 20 аймаг, Нийслэлийн 9 дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга нар оролцож “Хүүхдэд ээлтэй аймаг” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, сайн туршлагыг үзэж сонирхлоо. Энэ үеэр хүүхдэд ээлтэй сум, байгууллагын туршлагыг ард иргэдэд танилцуулж сурталчлан авъяаслаг хүүхдүүд уран бүтээлийн тоглолтоо өргөн барилаа.
ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Түвшин нар өдөрлөгийн нээлтэнд оролцож хэлсэн үгэндээ ”Хөвсгөл аймаг “Хүүхдэд ээлтэй аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийн төлөө хийсэн бүхэн, сайн туршлагууд нь бусад аймагт үлгэр жишээ болж чадсан. Ялангуяа төрийн байгууллагын бүх удирдах шатанд хүүхдийн төлөө гэсэн сэтгэл, хандлагатай болсон явдал нь хүүхдэд ээлтэй аймаг болох шаардлагыг хангаж байна. Хандлага өөрчлөгдөнө гэдэг бол маш том амжилт.” гэж онцлон хэлж байлаа.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа