Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд зориулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус
аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал болон аймгийн Онцгой комиссоос 24 сумын
удирдлагуудтай цахим хурал хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал
солилцлоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Цахим хурлын үеэр сумын онцгой комисс, шуурхай
штабын үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлууд, гамшгаас хамгаалах
өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд сум орон нутгийн
гүйцэтгэх үүргийн талаарх мэдээллийг аймгийн Онцгой байдлын газрын дарга,
хурандаа Ө.Болд өглөө.
-“Шинээр томилогдсон сумдын удирдлагууд Гамшгаас
хамгаалах тухай хуулийн 10.3, 10.4, 32 дахь заалтуудыг маш сайн судалж
хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй байна. 2021 оны төсвийнхөө нэгээс доошгүй хувиар
гамшгийн эрсдэлийн сан бүрдүүлэх шаардлагатай. Ирэх онд сум бүр гамшгийн
эрсдэлийн үнэлгээ хийж, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж ажиллана.
Орон нутгийн удирдлагууд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж буйгаа
мартаж болохгүй. Хөл хориог сулруулсан болохоос цуцлаагүй гэдгийг сайтар ойлгох
хэрэгтэй. Аж ахуйн нэгж, албан байгууллага, ард иргэдэд халдвар хамгааллын
дэглэмийг мөрдүүлэх дадлыг хэвшүүлэхэд анхаарах, сумдын шуурхай штаб
хариуцлагатай ажиллах ёстой” гэв.
24 суманд 317 ажиглан тусгаарлах байр бэлтгэхээр төлөвлөжээ
Үүний дараа 24 сумын удирдлагууд, сумдын Онцгой
комиссын гишүүдэд коронавирусний цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх арга
хэмжээг сум орон нутагтаа хэрхэн зохион байгуулах. Отроор өвөлжиж буй иргэдэд
үзүүлэх эрүүл мэндийн тусламж, хяналт, үйлчилгээний талаарх мэдээллийг аймгийн
Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн өгөв.
Тэрээр: -“Эрүүл мэндийн яамнаас тавьсан шаардлагын
дагуу сумдын эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал
халдваргүйтгэлийн бодис, оношлуур зэрэг нь хамгийн багадаа 7-14 хоногийн
нөөцтэй байх ёстой. Олон улсын хэмжээнд халдвар нэг хүнээс 3-4 хүнд
халдаж байгаа. Харин манай улсад 10 орчим хүнд халдаж байна. Улаанбаатарт
халдварын тоо өдөр ирэх тусам огцом нэмэгдэж байна. Хөдөөгийн иргэд хоол
хүнс, орчноосоо хамаараад бидэнд тусахгүй гэсэн өрөөсгөл ойлголттой байж
болохгүй. Үл тоомсорлосон, хариуцлагагүй байдлын үр дүнд маш том эрсдэл үүсэх
өндөр магадлалтай боллоо. Иймд ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ маш
сайн баримтлах ёстой.
Коронавирусний халдвараас
урьдчилан сэргийлэх тусгаарлан ажиглах байрны бэлэн байдлыг хангуулах зарим
арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын 2020 оны 11 сарын 18-ны өдрийн А/422
дугаар захирамжийн дагуу 24 суманд 317 ажиглан тусгаарлах байр бэлтгэхээр
төлөвлөсөн. Сумууд сэжигтэй тохиолдлыг тусгаарлах болон хавьтлуудыг ажиглан
тусгаарлах байруудыг маш сайн бэлтгэх, ажлын чиг үүргийн дагуу хүний нөөцийн
бэлэн байдлыг хангах шаардлагатай байна.
Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд эрүүл
ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг
хангах. Малчдыг коронавирусний халдвараас
сэргийлэхэд анхаарах. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд байнгын хяналт тавих
зэрэгт анхаарч ажиллах хэрэгтэй” -г онцгойлон санууллаа.
Халдвар нэг суманд гарсан тохиолдолд ойролцоо сумдыг дайчилна гэв
Завхан аймгийн тухайд сумдад
нэн шаардлагатай тохиолдолд эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэдэд түргэвчилсэн
оношлуураар шинжилгээ хийнэ.
Коронавирусний халдварын
эрсдэл үүссэн үед сумын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэх
боломж нөхцөлийг бүрдүүлэх. Удирдлага зохион байгуулалтаар шуурхай хангах. Шаардлагатай
тохиолдолд эмнэлэг нүүлгэн шилжүүлэх асуудал гарч болно. Халдвар нэг суманд
гарсан тохиолдолд ойролцоо сумдыг дайчилна. Өнгөрсөн жилүүдэд сумдын эрүүл
мэндийн төвүүдийн автомашины парк шинэчлэлтийг сайн хийсэн боловч харамсалтай
нь машинаа гамгүй эдэлж буй сумууд цөөнгүй байна. Цаашид энэ тал дээр анхаарах
шаардлагатай. Цар тахлын үед сум орон нутагт үүссэн нөхцөл байдлын талаар
шуурхай мэдээлэл өгч хариу арга хэмжээ авч байх. Халдвар хамгааллын дэглэмийг
сайтар мөрдүүлж ажиллах хэрэгтэй.
Отроор яваа ахмад
настан, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
онцгойлон анхаарал хандуулах. Тэднийг сумандаа татан авах шаардлагатай. Мөн сум
хоорондын авто зам болон албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна
талбайд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж цасаа тогтмол цэвэрлэх. Отроор
өвөлжиж буй малчин өрхүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулах шаардлагатай
байгаа гэж аймгийн ЭМГ-ын дарга Г.Дэмчигсүрэн мэдээлэв.
Өвөл хаврын бэлчээрийн даац 46 хувийн нөөцтэй байна
Завхан аймгийн 24 сумын удирдлагууд болон сумдын
Онцгой комиссын гишүүдийн цахим хурлаар аймгийн өвөлжилтийн нөхцөл байдлын
талаарх мэдээллийг аймгийн ХХААГ-ын дарга Н.Батбаяр өглөө.
Тэрээр мэдээлэлдээ: -“Сумдын хөдөө аж ахуйн тасагт газар тариалан бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, хоршоо, санхүүгийн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн. Мал аж ахуйн салбарыг хариуцсан мэргэжилтэн, 24 суманд нийт 72 мэргэжилтэн ажиллах ёстой. Гэтэл боловсон хүчний хүрэлцээ, хангамж муу байгаа тул цаашид хүний нөөцөө бүрдүүлэхэд анхаарч ажиллах зайлшгүй шаардлага сумдад байгаа” гэв. Мөн 2020-2021 оны өвөл, хавар аймгийн хэмжээнд 4.0-4.1 сая толгой мал, хонин толгойд шилжүүлснээр 6.4 сая мал өвөлжиж, хаваржина. Нийт 18 сумын 394 өрхийн 277.396 толгой мал таван чиглэлээр отор хийж байна. Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 75 хувьд хэвийн буюу сайн. Харин 25 хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй гарсан байна. 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацын хувьд нийт бэлчээрийн 46 хувьд нь нөөцтэй, 25 хувьд нь хүрэлцээтэй.
Харин 25 хувьд нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, гурван
хувьд нь олон дахин хэтэрсэн байна. 2020 оны хавар, намар 24 сумын
хэмжээнд нийт 146 мянган га талбайд бэлчээр хамгаалах ажлыг зохион байгуулжээ.
Отор нүүдэл хийж буй малчидтай заавал
холбоо тогтоох хэрэгтэй гэв
-Аймгийн нөөцөд өнөөдрийн байдлаар 140 тн өвс, сумын нөөцөд 720 тн өвс, 74 тн тэжээл бэлтгэсэн байна.
Одоогоор аймгийн хэмжээнд өвөлжилт харьцангуй сайн байна. Гэсэн хэдий ч цаашид сумдын удирдлагууд малын тоо толгойн албан татварын тухайн хуулийг хэрэгжүүлэх. Отор нүүдэл хийж буй малчидтайгаа заавал холбоо тогтоож дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна. Хөдөө аж ахуйн чиглэлийн боловсон хүчний асуудлаа оновчтой шийдвэрлэх. Сумдад буй худаг, уст цэгийн судалгаа мэдээллийг шинэчилж ирүүлэх. Бэлчээр хамгаалах арга хэмжээг төлөвлөх. Сумынхаа газар тариалангийн салбарт онцгой анхаарч ажиллах хэрэгтэй гэж онцоллоо. Ташрамд Завхан аймгийн хэмжээнд энэ онд 1640 га талбайгаас 1014 тн үр тариа, 1525 га талбайгаас 5407.7 тн тэжээлийн ургамлыг хураан авчээ. Харин 186.7 га талбайгаас 1783.9 тн төмс, 151.5 га талбайгаас 1587.4 тн хүнсний ногоо тус тус хураан авсан байна.
Шинээр томилогдсон удирдлагууд цар тахалтай холбоотой эрх зүйн бичиг баримтуудыг судлах хэрэгтэй
Ийнхүү Завхан аймгийн 24 сумын удирдлагууд, сумдын
Онцгой комиссын гишүүдтэй хийсэн цахим хурлаас аймгийн Засаг дарга дараах үүрэг
чиглэлийг холбогдох албаныханд өглөө.
Тухайлбал шинээр томилогдсон удирдлагууд цар
тахалтай холбоотой эрх зүйн бичиг баримтууд, мэдээ мэдээллийг сайтар судлах. Сум бүр өвс, тэжээлийн нөөц бүрдүүлсэн
тухайгаа үнэн зөв мэдээлэл өгч байх. Цаг агаарын болзошгүй эрсдэлээс урьдчилан
сэргийлэхэд сум орон нутаг, малчид өөрсдөө анхаарч, бэлтгэл ажлаа сайтар хангах.
Сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг цар тахлаас урьдчилан сэргийлэх,
өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зарцуулах. Аймгийн Засаг даргын үйл
ажиллагааны хөтөлбөр, таван жилийн үндсэн чиглэлд оруулах саналаа энэ долоо
хоногт өгч дуусгах. Цахим хурлаар өгсөн үүрэг чиглэлүүдийг үр дүнтэй
хэрэгжүүлэх. Өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах, цар тахлыг өөрийн сумын нутаг
дэвсгэртээ оруулахгүй байхад онцгойлон анхаарч ажиллахыг тус тус үүрэг болголоо
гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.