Нэн ховор хонин арцыг зөвшөөрөлгүй түүхгүй байхыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-05-26 22:35:55

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн иргэд нэн ховор хонин арцыг зөвшөөрөлгүй их хэмжээгээр түүж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Сүүлийн жилүүдэд манай аймгийн иргэд нэн ховор хонин арц, ховор хуурамч хонин арцыг их хэмжээгээр үйлдвэрлэлийн зориулалтаар түүж байна. Зөвшөөрөлгүй түүсэн иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явдал ихэсчээ. Ялангуяа арцны ид төлжин ургах үед хууль бусаар түүсэн 10 гаруй иргэн байна. “Монголчууд арцыг тусгайлан үржүүлж, ургуулж байгаагүй ч ашиглалтын нарийн горимтой байснаас байгалийн унаган төрхийг хэзээ ч алдагдуулж байгаагүй. Арцыг мөчир, үрээр нь үржүүлэх боломжтой. Тухайлбал хонин арцыг үржүүлэх оролдлогыг хийж байсан. Хэнтий аймгийн Хэрлэн баян Улааны Хөдөө арал, нийслэлийн Ар согоот, Төв аймгийн Жаргалант сумын Мэндийн үзүүр, Баянчандмань сум, Борнуур суманд Г.Пүрэвбат ламын Бүтээлийн сүм зэрэг газарт арцыг мөчрөөр нь тарьж туршсан, үр дүнтэй байсан гэж "Ховор ургамал сан" ТББ-ыг үүсгэн байгуулагч, биологийн ухааны доктор Х.Отгонбилэг ярилцлагадаа дурдсан байдаг.


Арцыг зөвшөөрөлгүй түүж худалдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг

Нэн ховор арцыг хууль бусаар түүхгүй байхыг дахин сануулан уриалж байна. Иймд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран арцны талаарх таван баримтыг цахим орчинд танилцуулж байна.

Тиймээс таны танил хэн нэгэн арц түүдэг, худалддаг, худалдан авдаг бол дараах танилцуулгыг хүргэж, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд уриалаарай. Тухайлбал арцны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн А/677 дугаар тоот тушаалаар нэн ховор Хонин арц /Juniperus Sabina/ нэг килограмм тутамд хуурай жин 194000 төгрөг, нойтон жин 100900 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй.

Харин Ховор Хуурамч хонин арц нь /Juniperus pseudosabina/ нэг килограмм тутамд хуурай жин 175800 төгрөг, нойтон жин 98500 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна.

Харин эрүүгийн хуулийн 24.8.1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5.4 саяас 27 сая төгрөгөөр торгох. Эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Монгол  Улсын   хуульд   арцыг   хэрхэн   ямар   журмаар   түүж ашиглахыг зөвшөөрсөн дүрэм, журам бий. Тиймээс иргэд, ялангуяа нутгийн иргэд хуулиа дээдэлж, байгаль-ээжээ хүндэтгэн, аливаа баялгийг хамгаалах, зохистой ашиглахыг уриалж байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 

Related news