Эрүүл мэндийн салбарт ажиллагсад цалин хөлсийг хоёр дахин нэмүүлэх шаардлагад нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-07-07 14:51:11

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагад нэгдээд байна.

-“Манай Нэгдсэн эмнэлэг 300 гаруй эмч ажилтантай. Эрүүл мэндийн салбарын ажилчид цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардаж байгаа суултад нэгдсэн. Эмч, ажилчид маань улсын хэмжээнд суулт зарласан өдрөөс эхлэн ажлын байран дээрээ тэмцэлд нэгдээд буй юм. 

Учир нь эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, ажилчид олноороо ойрын болон дам хавьтал болж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн 24 сумаас 22 суманд нь халдвар бүртгэгдээд байна. Эдгээр сумдад ажиллаж буй эрүүл мэндийн салбарын эмч ажилчдын хүрэлцээ муу байна. Өөрсдийн нөөц боломжоороо ээлжээр голомтот ажиллаж байгаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгт гэхэд голомтод 9 эмч, 10 сувилагч, зургаан үйлчлэгч гурван ариутгагч амралтгүйгээр ажиллаж байна. Цаашид ч халдвар эрс нэмэгдэж, эмч, эмнэлгийн ажилтан, эм урвалж дутагдалтай байна. Аймгийн төв болон сумын эмнэлгүүдийн ор дүүрсэн маш хүнд нөхцөлд эрүүл мэндийн салбарынхан ажиллаж байна.

Манай салбарынхан ямар ч хүнд нөхцөлд нөөц боломжоороо ажилладаг. Гэтэл өнөөдөр энэ салбарт ажиллаж буй эмч, сувилагч, ажилчид маань хамгийн бага цалинтай байна гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн ҮЭ-ийн зөвлөлөөс мэдээлэв.

 

Эмч нар ажлаа хийж яваад халдвар авч байна

-“Цар тахлыг дарах гэж эмч, эмнэлгийн ажилчид хөдөө, хотгүй л сүүлийн хоёр жил гаруй амралт, баяр ёслолыг мэдрэхгүйгээр сөхөртлөө ажиллаж байгаа.

Тиймээс бид шаардлага тавьж буй. Энэ салбарт ажиллаж байгаа бид төр засгийн бодлого шийдвэрийг хуулийн дагуу биелүүлсээр, ажилласаар байгаа ч өвчлөл ихсэхийн хэрээр үнэхээр туйлдаж байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилчид цар тахлын вирусээр өвчилж, хүний нөөцийн хомсдолд ороод байгаа. Тухайлбал манай аймгийн хэмжээнд коронавирусний халдварын тохиолдол эрс нэмэгдсэн энэ хүнд нөхцөлд эмч нар, асрагч, сувилагч, жолооч, энэ салбарт ажиллаж буй бүх хүн ачаалалттай ажиллаж байна. Гэтэл өнөөдөр голомтод ажиллаж буй хоёр эмч, нэг түргэний жолооч ажлаа хийж яваад халдвар авлаа. Бид ч мөн ар гэр, амьдралтай улс шүү дээ.


Эмч ажилчдын маань 90 гаруй хувь нь цалингийн зээлтэй. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй бид өвчиллөө гэхэд зарим нь шаардлагатай эмээ ч авч чадахгүй байдалд хүрч байна. Бид цалин хөлсөөрөө өдөр тутмын наад захын хэрэгцээгээ хангаж байж, ар гэртээ санаа зовохгүйгээр хүн амынхаа эрүүл мэндийн төлөөх үүргийнхээ дагуу ажиллана.

Манай аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчид, 24 сумын Эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид бид үүргийнхээ дагуу эрүүл мэндийн тусламжийг хангалттай үзүүлж чадаж байгаа ч бусад улс орны жишиг, бусад салбараас хэд дахин бага цалин авч байна. Гэсэн хэдий ч бид ажилласаар л байна.

Энэ удаад цар тахал бүхий л эмнэлэгт ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилчдад хүнд байна. Бүх эмнэлэг улаан түвшинд ажиллаж байна. Тиймээс бид нэг удаагийн тэтгэлэг хүсээгүй ээ. Харин өөрсдийн хийж буй ажил, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийг л хүсэж байна. Ийм ч учраас Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний холбооны уриалга шаардлагыг дэмжиж, нэгдэж буй юм.

Аймаг орон нутгийнхаа иргэдийн амийг хамгаалахын төлөө зүтгэсээр ирсэн эрүүл мэндийн салбарынхан бид цаашид ч бүхий л хүч чадлаа дайчлан ажиллана” гэж Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, ажилчдын ҮЭ-ийн хорооноос тус тус мэдээлэв. 

Related news