Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг жилийн хугацаатай хязгаарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Тус
аймгийн 16 сум энэ сарын 25-ний өдрөөс намрын хадландаа гараад байна гэж
аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Харин Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Баянхайрхан, Их-Уул, Идэр, Цагаанчулуут, Отгон, Яруу сумууд хадландаа гарж төлөвлөсөн өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлж байна. Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаанаас ирүүлсэн албан бичгийн дагуу отор нүүдлийн судалгааг таван сум ирүүлээд байна. Энэ жилийн отроор өвөлжих малын тоо эцэслэн гараагүй байгаа. “Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт тавих тухай” Аймгийн Засаг даргын А/259 дугаар захирамж гарсан байгаа. Захирамжийн дагуу мал амьтны гоц халдварт өвчний эрсдэл бүхий Зүүн бүсийн аймгуудаас ирэх мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг долоодугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хориглоод байна. Тус аймаг малын гоц халдварт өвчин гараагүй аймаг статусаа хадгалан ажиллаж байгаа.
Малд шинж тэмдэг илэрвэл мал эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй
Хөрш
зэргэлдээ Ховд аймаг болон Зүүн бүсийн аймгуудад гарсан малын шүлхий өвчин
гарсантай холбоотой аймаг хооронд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг дахин
СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.
Шүлхий нь богино хугацаанд
өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай,
буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусийн гоц халдварт өвчин юм.
Шүлхийгээр өвчилсөн нас гүйцсэн малын үхэл хорогдол бага, харин нялх төл болон
ядарч доройтсон мал, амьтан олноор үхэж хорогддог.
Халдварын голомт нь өвчтэй,
өвчлөөд эдгэрсэн, халдвар авсан мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас,
сүү, үрийн шингэн зэрэгтэй хамт ялгаран гарсан вирусээр бохирлогдсон уяа,
зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног
хэрэгсэл, гутал хувцас зэрэг болно. Ихэнхдээ шүлхийн халдвар өвчтэй, халдвартай
мал амьтнаас шүлхийд мэдрэг мал, амьтанд шууд хавьтлын замаар болон шүлхийн
вирусээр бохирлогдсон зүйлээр дамжин тархдаг. Өвчний голомтод ойр байсан мал,
амьтанд амьсгалын замаар халдаж болно. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед
шүлхийн вирус алс хол салхиар зөөгдөн халдварлах боломжтой. Шүлхий өвчтэй
малтай харьцан ажиллаж байсан хүний багалзуурын салсанд шүлхийн вирус түр
хадгалагдаж халдвар тараах эрсдэлтэй тул голомтоос гарснаас хойш 3-5 хоног мал,
амьтантай газар очихыг хориглодог. Мөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж,
хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус,
тэжээлдээ дургүй болох, халуурах шинж тэмдэг илэрвэл харьяа сум, аймгийнхаа мал
эмнэлэг болон аймгийн Зоонозын өвчин судлалын төв болон мэргэжлийн
байгууллагуудад яаралтай хандах хэрэгтэй гэж аймгийн ХХААГ-аас тус тус
анхааруулж байна.
Бэлчээрийн
ургамлын ургалт тачирхан байна
Завхан
аймагт оны хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд төллөх насны 1457,6
мянга хээлтэгч малын 86 хувь нь төллөж,
гарсан төлийн 97,2 хувь нь бойжиж байна.
Оны
эхний 3 сая 600 мянга гаруй малаас хагас жилийн байдлаар 46 мянга 600 гаруй мал
хорогдоод байна. Ургамлын ургалтын байдал нийт нутгийн 80 орчим хувь нь сайн, 20
орчим хувь нь дунд гэсэн үнэлгээтэй байна. Нутгийн өмнөд хэсэг болох Отгон,
Шилүүстэй, Цагаанчулуут, Улиастай сумдын нутгаар оройтож бороо хур орсон
бэлчээрийн ургамлын ургалт удаашралтай, тачирхан байна. Тиймээс өвөлжилтийн
бэлтгэл ажлыг бүрэн хангах зорилготой сумуудад чиглэл өгч ажиллаж байна. Аймгийн Засаг даргын “Өвөлжилтийн бэлтгэл
хангах ажлын хэсэг байгуулах тухай” А/271 дүгээр захирамж гарч өвөлжилтийн
бэлтгэл хангах ажлыг ханган ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.