Химийн салбарын Нобелийн шагналтнууд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-10-06 19:53:06

СТОКХОЛМ. /TASS/. Молекулуудын нийлэгжилтэд ашигладаг тэгш бус органик катализын аргыг нээсэн эрдэмтэн Бенжамин Лист, Дэвид Макмиллан нар химийн салбарт Нобелийн шагналтнаар тодорлоо.


Энэхүү арга нь шинэ эм бүтээхэд ихээхэн хувь нэмэр оруулж, химийн салбарыг байгаль орчинд ээлтэй болгосон гэж Нобелийн хороо мэдэгджээ.


Дэвид Макмиллан нь Их Британи-Америкийн химич бөгөөд одоо Принстоны их сургуульд (АНУ) ажилладаг бол Германы эрдэмтэн Бенжамин Лист нь Макс Планкийн нэрэмжит Нүүрсний судалгааны хүрээлэнгийн ажилтан ажээ. Тэд хоёулаа бие биеэсээ үл хамааран 2000 онд тэгш бус органик катализын аргыг боловсруулсан байна.


Удаан хугацааны туршид судлаачид металл ба (биохимийн урвалд) фермент гэсэн зөвхөн хоёр төрлийн катализатор байдаг гэдэгт итгэлтэй байжээ. Харин Бенжамин Лист, Дэвид Макмиллан нар жижиг органик молекулууд дээр суурилсан гурав дахь төрлийн катализаторыг бий болгож, тэгш бус органик катализыг нээсэн байна.


Катализ гэдэг нь гаргаж авсан бүтээгдэхүүнд нөлөөлдөггүй бодисуудын тусламжтайгаар химийн урвалыг хурдасгах арга юм. Харин тэр бодисуудыг катализатор гэж нэрлэдэг. Органик катализ нь нүүрстөрөгч, устөрөгч, хүхэр, фосфор болон органик нэгдлүүдийн онцлог шинж чанартай бусад металл бус элементүүдээс бүрдэх катализаторыг ашигладаг байна. Үүний ачаар органик катализ нь бусад аргуудаас илүү байгаль орчинд ээлтэй, хямд байдаг ажээ.


Өнгөрсөн оны Нобелийн шагналыг ген засварлах технологийг /CRISPR/Cas9/ боловсруулсан эрдэмтэд болох Эммануэль Шарпантье, Женнифер Дудна нар хүртсэн билээ.


Шагнал гардуулах ёслолыг өнгөрсөн жилийнхтэй адил цахимаар зохион байгуулна. Нобелийн медаль, дипломоос гадна шагналтнууд 10 сая крон авна.


Related news