Цагаан олимпын түүхэн замнал – “Солт Лейк-2002”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-01-31 09:53:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын XXIV наадам удахгүй эхлэх гэж байгаатай /4 хоног/ холбогдуулан Цагаан олимпын түүхэн замналыг спорт сонирхогчдод МҮОХ-ноос цувралаар хүргэж байгаа билээ.


Америкт зохион байгуулсан 5 дахь удаагийн “Солт-Лейк-2002” өвлийн олимпын наадам эхлэхээсээ л хэл ам ихтэй байлаа. Тэд олимпын сунгаанд нэр дэвших явцдаа ОУОХ-ны гишүүдэд авлига өгсөн гэсэн дуулиан аль ерээд онд дэгдсэн юм. Энэ бүхэн нөлөөлсөн үү, Солт-Лейк хот санал асуулгад Шведийн Эстерсунд, Швейцарын Сьон, Канадын Квебек хотуудыг илт давуу ялсан юм. Тэд эхний шатанд л нийт 89 саналын 54-ийг авч, хоёрдугаар шатны санал хураалт явуулах шаардлагагүй болгожээ. Авлига өгсөн гэх хэргээс болж Зохион байгуулах хорооны 10 гишүүн үүрэгт ажлаасаа огцорсон юм.


Хэдийгээр тэд нэлээд асуудалтайгаар эрхээ авсан ч олимпыг өндөр түвшинд зохион байгуулж, олон шинэ амжилт тогтоосон юм. Телевизийн шууд дамжуулалтад томхон үсрэлт гарч, нийт хоёр тэрбум гаруй хүн цэнхэр дэлгэцээрээ олимпыг үзэж сонирхсон тооцоо гарчээ. Америкчууд санхүүгийн хувьд ч үлэмж ашигтай ажиллалаа. Тэд нэлээн хэмнэлттэй гэж хэлж болох 1.2 тэрбум долларт олимп зохион байгуулах нийт зардлыг багтаажээ. Улмаар олимпын дараа 101 сая долларын ашиг олсон байна. Энэ нь “Сөүл 1988” зуны олимпын наадмаас хойш олсон хамгийн их ашиг юм.

 

“Солт-Лейк-2002” өвлийн олимпын наадамд 78 орны 2399 тамирчин /886 нь эмэгтэй/ оролцож, цагаан олимпын рекордыг дахин эвдэв. Мөн тамирчид долоон спортын төрөлд 78 багц медалийн төлөө өрсөлдсөн нь урьд өмнө дуулдаагүй тоо байлаа. Камерун, Хонконг, Непал, Тажикистан, Тайланд улс анхны олимпдоо өрсөлдсөн бол скелетон 1948 оноос хойш анх удаа наадмын хөтөлбөрт багтжээ.

                                                           

Сонирхолтой баримтууд

 

Олимп эхлэхээс 5 сарын өмнө террористууд Нью-Йорк хотын төвд сүндэрлэх Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг онгоцоор мөргөн сүйрүүлж, олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс америкчууд олимпын үеэр халдлага гарахаас сэргийлж, харуул хамгаалтыг дээд зэргээр чангатгасан юм. Энэ нь тамирчид болоод энгийн иргэдэд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн хэмээн олон хүн хожим дурссан байдаг.


Түүнчлэн шорт-трекийн эрэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаанд Америкийн Аполо Антон Оно Солонгосын Ким Дон Сүнг санаатай унагааж, алтан медаль хүртэн бөөн хэл ам болов. Уг нь дүрэм ёсоор Оног хасах ёстой байсан ч америкчууд зохион байгуулагч орны давуу талаа ашиглан хаацайлаад өнгөрчээ. Энэ явдлаас жилийн дараа Солонгост Дэлхийн цомын ээлжит цуврал болоход Оно нутгийн хөгжөөн дэмжигчдээс эмээн оролцохоос татгалзаж байв.


Гэхдээ шүүлтийн хамгийн том булхай уран гулгалтын спортын хосын тэмцээний үеэр болсон. Энэ төрөлд Оросын хос Елена Брежная, Антон Сихарулизе нар түрүүлж, Канадын Жами Сале, Давид Пелльете нар удаалав. Гэвч үүний дараа Хойд Америкийн хэвлэлүүд шүүлт шударга бус болсон хэмээн бөмбөгдөж эхлэв. Тэд ОУОХ, Тэшүүрийн холбоог Оросын мафийн атганд орж, ийм шийдвэр гаргалаа хэмээн дайрч байлаа.


Тухайн үед ОУОХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байсан Ж.Рогге хэл амнаас болгоомжлон Орос, Канадын гулгагчдад алтан медалийг хуваан олгох хачирхалтай шийдвэр гаргажээ. Үүнээс болж Олон улсын тэшүүрийн холбоо уран гулгалтын тэмцээний шүүлтэд өөрчлөлт оруулсан гэдэг.


Түүнчлэн оросууд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шүүлтэд одоо ч сэтгэл дундуур байдаг. Уг нь Ирина Слуцкаягийн үзүүлбэр бусдаас хамаагүй илүү байв. Гэвч Америкийн 16 настай охин Сара Хьюз ганц шүүгчийн саналаар түүний дээр бичигдэж, алтан медаль авах нь тэр. Оросууд энэ шийдвэрийг эсэргүүцсэн ч өөрчлүүлж чадаагүй юм. Гэхдээ Иринаг нутагтаа ирэхэд элэг нэгтнүүд нь “Шударга ялалтын төлөө” гэсэн бүтэн кг жинтэй алтан медаль гардуулан өгчээ.


Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 21 настай А.Ягудин түрүүлж, түүний нутаг нэгт 19 настай Е.Плющенко үзүүрлэв. Орос залуусын дуэль олимпын уран гулгалтын хамгийн шилдэг өрсөлдөөн байсан хэмээн тоймчид үнэлдэг.




Энэ олимпын гол баатар нь Норвегийн домогт биатлонч Оле Эйнар Бьорндален болов. Тэрбээр эрэгтэйчүүдийн бүх төрөлд /хувийн, спринт, хөөх, буухиа/ түрүүлж, биатлоны түүхэнд шинэ хуудас нээлээ. Универсиаль Бьорндален эхлээд цанын 30 км-т уралдаад тавдугаар байр эзэлжээ. Харин дараа нь үндсэн төрөл болох биатлонд ороод бүх алтыг нь хамсан юм.


Солт-Лейкийн олимпод гялалзсан өөр нэг од нь Хорватын уулын цаначин Яница Костелич байв. Тэрбээр эмэгтэйчүүдийн таван төрлийн гуравт нь түрүүлж, нэгд нь үзүүрлэжээ. Хамгийн гайхалтай нь тэрбээр 2002 онд олимп эхлэхээс өмнө гэмтэлтэй өвдөгтөө гурван ч удаа хагалгаа хийлгээд байв. Улмаар богинохон хугацаанд тэнхэрч, олимпод гялалзаж чадсан юм.


Оросууд энэ олимпод бүтэл муутай оролцсон гэж болно. Уран гулгагчид нь шүүгчийн булхайг яаж ч чадаагүй бол найдвар тавьж байсан цаначин Лариса Лазутина нь сэргээшийн шинжилгээнд бүдэрлээ. Наганогийн олимпоос таван медаль /3 алт, 1 мөнгө, 1 хүрэл/ авч, гол баатар болсон тэрбээр энэ удаа ч дээгүүр өрсөлдөх нь тодорхой байлаа.


Тэрбээр 10 км-ийн уралдаанд нутаг нэгт О.Даниловагийн хамт алт, мөнгөн медалийг хүртэв. Гэвч хожим тэд сэргээшийн шалгалтад унаж, Солт-Лейкийн олимпын амжилтаа хүчингүй болгуулжээ.


Хоккейн тэмцээнд Канадын баг түрүүлж, олон жилийн хүлээлтээ эцэс болголоо. Хоккейн эх орныхон 1952 оноос хойш шар өнгийн медаль зүүж чадаагүй байсан билээ. Энэ удаа Канадын шигшээгийн ерөнхий менежерээр агуу У.Гретцки томилогдож, багийн ахлагчаар өөр нэг домог М.Лемье тоглосон юм.




Гэхдээ тэмцээний хамгийн том сенсаацыг Беларусийн шигшээ дэгдээсэн. Өмнөх жилийнх нь ДАШТ-д 14 дүгээр байр эзэлж байсан энэ баг Солт-Лейкийн мөсөн талбайд гайхалтай сайн тоглож, дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Бяцхан беларусьчууд шөвгийн наймд Шведтэй хийсэн тулаанд 4:3-аар илүүрхэж, хэний ч санаагүй үр дүнг үзүүлсэн. Цаг дуусахын өмнөхөн В.Копат бараг талбайн төвөөс аз сорьсон цохилт хийхэд Шведийн хаалгач Т.Сало барьж авч чадсангүй.


Канадын баг финалд хөрш зэргэлдээ Америкийг 5:2-оор хожсон бол хүрэл медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын шигшээ, Беларусийг 7:2-оор илүүрхэн хожив. Түүнчлэн хоккейн эмэгтэйчүүдийн тэмцээнд ч Канадын тамирчид Америкийг хожин аваргалж, дөрвөн жилийн өмнөх хариугаа авсан юм.


Энэ олимпын онцлох тамирчид нь Америкийн бобслейч Вонетта Флауэрс, Канадын хоккейч Жером Игинла нар болсон. Учир нь тэд олимпын наадамд аваргалсан анхны өнгөт арьст тамирчнаар тодорсон юм.


Харин Австралийн шорт-трекч Стивен Брэдбериг олимпын наадмын түүхэн дэх хамгийн азтай тамирчин гэж болно. Тооцоонд огт байгаагүй тэрбээр хагас шигшээд сүүл мушгин явж байсан ч өмнөх тамирчин нь унасны ачаар шигшээд шалгарчээ. Финалын шатанд ч тэр аанай л сүүлийн байрт явж байлаа. Гэтэл хамгийн сүүлийн эргэлтийн дараа өмнө нь явж байсан дөрвөн тамирчин хоорондоо мөргөлдөн унах нь тэр. Ингэж халуун Австралийн одтой хүү Брэдбери 1000 метрийн уралдаанд аваргалсан түүхтэй. Тэрбээр Австралиас төрсөн өвлийн олимпын анхны аварга болжээ. Энэ нь олимпын наадмын хамгийн хөгжилтэй түүх болон үлдсэн юм.




Багийн дүнгээр норвегичууд дээд амжилтыг давтан түрүүлсэн. Тэд нийт 13 алт авсан нь 1976 онд ЗХУ-ын тогтоосон рекордтой зэрэгцжээ. Түүнчлэн германчууд цагаан олимпын түүхэнд хамгийн олон буюу 36 медалийн эзэн болсон байна.


Монголоос "Солт-Лейк-2002" олимпын наадамд цана, шорт-трекийн төрөлд гурван эрэгтэй, нэг эмэгтэй тамирчинтай өрсөлдлөө. Цанын эрчүүдийн 15 км-т Ж.Эрдэнэтүлхүүр 63 дугаар байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн 2х5 км-ийн хөөх уралдаанд Д.Энхээ 68 дугаар байрт оржээ.

Түүнчлэн шорт-трекийн 500 м-т Р.Жаргаланчулуун 29, 1000 м-т Б.Октябрь 28 дугаар байр тус тус эзэлсэн юм.


МЕДАЛЬ АВСАН ОРНУУД


Улс                        Алт     Мөнгө    Хүрэл      Нийт


1. Норвеги             13         5             7             25

2. Герман               12        16            8             36

3. АНУ                    10         13           11           34

4. Канад                  7           3             7            17

5. ОХУ                     5           4             4            13

6. Франц                 4           5             2            11

7. Итали                  4           4             5            13

8. Финланд             4            2             1            7

9. Нидерланд         3            5             0            8

10. Австри              3            4           10           17

11. Швейцар          3            2            6            11

12. Хорват              3            1             0            4

13. БНХАУ              2             2            4             8

14. БНСУ                2             2             0            4

15. Австрали          2             0             0            2

16. Чех                   1             2             0            3

17. Эстони             1             1             1            3

18. Их Британи      1             0             1            2

19. Швед                0             2             5            7

20. Болгар              0            1             2            3

21-22. Япон           0             1             1            2

21-22. Польш        0             1             1            2

23-24. Беларусь    0             0             1            1

23-24. Словен       0             0             1            1


Нийт                    80          76           78          234

Related news