Ахмад сэтгүүлчдийг улиралд нэг удаа багц үйлчилгээнд хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Орон
нутагт анх удаа ахмад настны нийгмийн
хамгааллыг сайжруулах, өндөр настны эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх “Ахмадын
хөгжлийн төв” өнгөрсөн онд байгуулсан. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг
тохиолдуулан МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл тус төвтэй хамтран
ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний зорилго нь МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь
салбар зөвлөлийн ахмад гишүүдэд ганцаарчилсан болон бүлгийн уулзалт, эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сэргээн засах чиглэлээр үйлчилгээ
үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох,
сургалт, сурталчилгаа зохион байгуулах юм. Хамтын ажиллагааны хүрээнд салбар
зөвлөлийн ахмадууд улиралд нэг удаа эрүүл мэнд, чийрэгжүүлэх таван өдрийн багц
үйлчилгээнд хамрагдах боломжтой. Мөн тус төвийн номын сан, интернэт кафегаар
үйлчлүүлэх, уулзалтын танхим ашиглах зэрэг олон давуу талтай. Сэтгүүлчдийн
эвлэлийн салбар зөвлөлийн зүгээс мэдээ, сурвалжилга бэлтгэх, хамтран контент
үйлдвэрлэх, редакц, телевиз, сайтууд “Ахмадын хөгжлийн төв”-ийн интерьер,
экстерьерийн шийдэл бүхий өрөө, танхимыг ашиглах, ахмад настнуудтай хамтран
нийгэмд чиглэсэн контент бэлтгэнэ.
МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл нь албан
ёсны бүртгэлтэй таван ахмадтай, тухайн үедээ идэвхтэн бичээч хийж байсан
дөрвөн ахмад байдаг. Хамтын ажиллагааны хүрээнд дээрх ахмадууд үйлчилгээнд хамрагдах
аж. Түүнчлэн
Аймгийн
ЗДТГ-аас “Цахим Дархан” төслийн хүрээнд энэ онд “Ахмадын хөгжлийн төв”-д е-mongolia цахим цонхыг
байгуулж ахмад настнуудад төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлэхээр
төлөвлөсөн байна. Мөн тус төвд ахмад сэтгүүлчдийн студийг байгуулахад дэмжин ажиллахаар болсныг аймгийн Мэдээлэл технологийн албаны дарга
Х.Соёл-Эрдэнэ танилцууллаа. Уг гэрээг нэг жилийн хугацаатай
хийсэн бөгөөд талууд харилцсан тохиролцсоны үндсэн дээр дахин сунгах боломжтой
юм.


