“Үер, уснаас үрсээ хамгаалъя” аян өрнүүлжээ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-05-03 14:32:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас  улсын хэмжээнд тохиолдож  байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулж байна.


Мөн уг аяны хүрээнд гол усны осол аюулаас урьдчилан сэргийлэхэд иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулахад чиглэж байгаа аж


Энэ хүрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өнөөдөр “Гол, мөрөн, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо” НҮТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.


Тус холбоо нь 2009 оноос томоохон гол мөрөн, нуурын эргээр аялж зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлж, авран туслах үйл ажиллагааг тогтмол явуулсаар ирсэн юм.


Түүнчлэн “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд усны ослоос урьдчилан сэргийлэх,  хүн олноор цуглардаг гол, мөрөн, нуурын эргийн хамгаалалт, стандартын бус завь, хөвөгч, аврагч хантааз зэрэг усны хэрэгсэлд хяналт тавих, усанд осолдогчдод анхны тусламж үзүүлэх чиглэлээр Онцгой байдлын байгууллагатай хамтран ажиллахаар болж, ажлын төлөвлөгөө, төслийг гаргаад байна.



Уулзалтын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Гол, мөрөн, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо” нь ард иргэдийг үер, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагааг тогтмол явуулсаар ирсэнд талархал илэрхийлээд, цаашдаа хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хамтарсан олон арга хэмжээг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Related news