Ширээний теннисний ахмадын ДАШТ Оман улсад болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-06-07 12:30:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ширээний теннисний ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оман улсын Мускат хотод 2023 оны 1 дүгээр сарын 15-21 нд зохион байгуулна.


Энэхүү ахмадын ДАШТ-ий бүртгэл явагдаж байгаа талаар Монголын ширээний теннисний холбооноос ахмад тамирчдад сонордуулж, оролцохыг хүсэгчид 2022 оны 6 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 15 хүртэл 195 ам.доллароор бүртгүүлэх юм байна.


Дашрамд сонирхуулахад, Ширээний теннисний спорт Монголд анх 1950-иад оны эхнээс Гадаад явдлын яам, Улсын хөгжимт драмын театр, Намын шинэ хүчний дээд сургууль зэрэг цөөн хэдэн газар тоглох болсон тэр цагаас л монголчууд  ширээний теннис түгэн дэлгэрч хүүхэд, залуус тоглох болжээ.


Харин ширээний теннис сонирхогчдын аварга шалгаруулах анхны тэмцээн Монголд 1955 онд болжээ. Тус тэмцээн Голын цэнгэлдэх хүрээлэнгийн хашаан дахь модон байшингийн саравчинд явагдаж цөөн хэдэн хүн оролцсоноос эрэгтэйчүүдэд С.Чойвон, эмэгтэйчүүдэд Д.Эрдэнэсанаа нар тэргүүн байрт тус тус шалгарч анхны аваргууд болж байжээ.


Монголд ширээний теннис сонирхож тоглодог хүмүүсийн тоо 1956 оны эцэс, 1957 он гэхэд ихээхэн өсч, теннисний ширээгүй томоохон албан байгууллага, сургууль бараг байхгүй болсноор хөгжлийн гараагаа эхлүүлсэн байна. Монголын ширээний теннисний тамирчид "Токио-2020" олимпын наадамд анх удаа 2 эрх авч амжилттай оролцсон билээ.

Related news