Хөлбөмбөгчин Г.Ганбаяр багийнхаа хамт Словакийн хоёрдугаар лигт түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-07 13:54:21

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Унгарын Пушкаш “Окодемиа” клубээс Словакийн “Комарно” гурван жил зээлээр тоглож байгаа хөлбөмбөгчин Г.Ганбаяр багийнхантайгаа хамт түүх бүтээлээ.


Тодруулбал, тус клуб 28 дугаар тойргийн тоглолтдоо хожсоноор 67 оноотой болж, хоёр тойргийн өмнө хоёрдугаар лигийн аварга болжээ. “Комарно” клуб 1900 онд байгуулагдсан бөгөөд Унгарын эзэнт гүрний үед Унгарын баг байсан. Дараа нь Чехословак, харин 1993 оноос Словакийн клуб болсон түүхтэй. Тэд 124 жилийн түүхэнд анх удаа Словакийн дээд лигт дэвшин тоглохоор болсон нь энэ.


Тус клубийн энэ улирлын бүх тэмцээнд монгол тоглогч Г.Ганбаяр ихээхэн хувь нэмэр оруулж багтаа тусалсан байна. Довтлогчийн байрлалд тоглодог 23 настай тэрбээр 2023-2024 улиралд “Комарно” клубийн төлөө 20 тоглолтод оролцон дөрвөн гоол оруулав. Харин гурван жилийн хугацаанд 82 тоглолтод оролцохдоо 15 гоол оруулоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаажээ.


Г.Ганбаяр 2018 онд Унгарын “Пушкаш” академитай мэргэжлийн гэрээ байгуулж, Европын хөлбөмбөгийн ертөнцөд гэрээ байгуулсан анхны монгол хөлбөмбөгч юм.

Related news