“НордАрт 2022” үзэсгэлэнд Монгол Улсын 18 уран бүтээлч оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-06-07 16:49:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Дюселдорф хотод жил бүр уламжлал болон зохион байгуулдаг НордАрт олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн 23 дахь удаагаа албан ёсоор нээлээ.

Уг олон улсын дүрслэх урлагийн энэ жилийн үзэсгэлэнд дэлхийн 101 орны 3000 гаруй уран бүтээлчээс шалгарсан 240 уран бүтээлчийн 1000 орчим бүтээлийг 10 дугаар сарын 9ийг хүртэл толилуулах юм.

Монгол Улсын дүрслэх урлагийн салбарынхан НордАрт 2015, 2016, 2019 онд амжилттай оролцож ирсэн. Энэ жил тусгай төслийн хүрээнд “Завсар орон зай” павильон нь түүхэн барилга ACO Wagenremise төдийгүй Карлсхютте төв үзэсгэлэнгийн орон зайд нийт 1500 ам дөрвөлжин метр талбайд Монголын дүрслэх урлагийн үе үеийн 18 уран бүтээлчийн 56 бүтээлээр оролцож байна.

Монголын павильоны куратораар Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, ко-куратораар Ц.Солонго нар ажиллаж буй юм.

Дэлхийн урлагийн тайзнаа өөрийн байр сууриа хэдийнээ олсон, нэр хүндтэй, ХБНГУ-д ажиллаж амьдардаг авангард уран бүтээлч ҮНЭН ЭНХ, Төрийн соёрхолт До.Болд, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дагвадорж, А.Очирболд нар болон дунд, залуу үеийн уран бүтээлчдийн туурвилууд олон улсын урлаг сонирхогчид, шүүмжлэгч нарын анхаарлын төвд байна.

Нээлтийн ажиллагаанд Шлесвиг Холштайн мужийн их хурлын дарга Клаус Шлий, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др. Б.Мандахбилэг, Хамбург хот дахь Польшийн ерөнхий консул Павел Яворски, ХБНГУ-д суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны соёл урлагийн асуудал хариуцсан элчин зөвлөх Чен Жианян, хотын захирагч, Хамбург дахь Монгол Улсын консул ноён Райнхард Штудт зэрэг төлөөлөгчид оролцлоо гэж Соёлын яам мэдээлэв.




Related news