Академич Б.Ринчений нэрэмжит шагналыг гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭУлаанбаатар хотноо нээлтээ хийсэн Олон улсын монголч эрдэмтний 11 дүгээр хурлын үеэр Академич Б.Ринчений нэрэмжит шагналыг гардууллаа.
Монгол судлалын салбарт эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвисан, монгол туургатны соёлын өв уламжлалыг сэргээн баяжуулах үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан, дэлхийн соёл, шинжлэх ухаан, урлаг, уран зохиолын сонгодог бүтээлийг монгол хэл рүү орчуулсан, Монголын утга зохиол, соёлын үнэт дурсгал, эх бичгийг дэлхий нийтийн хүртээл болгоход онцгой хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаадын иргэнд Академич Б.Ринченгийн нэрэмжит шагналыг таван жил тутамд хоёр удаа олгодог уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2000 оноос хойш олгож буй энэхүү шагналыг Монгол Улсын ШУА, Олон улсын Монгол судлалын холбоо, Монголын орчуулагчдын холбоо болон мэргэжлийн бусад байгууллага, хүмүүс нэр дэвшүүлдэг юм.
Энэ дагуу Их эрдэмтний нэрэмжит шагналыг МУИС, Олон улсын Улаанбаатар их сургуулийн профессор Ц.Шагдарсүрэн, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн зөвлөх профессор Л.Маналжав, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Э.Пүрэвжав, ОХУ-ын монголч эрдэмтэн, доктор, профессор Н.С.Яхонтова нар хүртлээ. Шагналыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь гардуулав.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ