ХОВД: 800 гаруй хүүхдэд хэлмэгдүүлэлтийн талаар мэдлэг олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-аас “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тэмдэглэх тухай тусгай хөтөлбөр гаргажээ. Энэ хүрээнд тодорхой ажлууд Ховд аймагт өрнөж байна.
Тодруулбал, хэлмэгдэгсдийн
дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн
сурагч, оюутан, залуу үеийнхэнд
зориулсан “Монголд өрнөсөн улс төрийн
хэлмэгдүүлэлт” сэдэвт сургалт (лекц) боллоо. Үүнд 800 гаруй хүүхэд, залуучууд
оролцож, хэлмэгдүүлэлтийн талаарх мэдлэгээ өргөжүүлсэн
байна.
Маргааш буюу энэ сарын 10-ны өдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж 11.00-13.00 цагийн хооронд автомашины гэрлийг асааж замын хөдөлгөөнд оролцох, мөн хэлмэгдэгчийн гэр бүлд хүндэтгэл үзүүлэх, хөшөөнд цэцэг өргөх, буяны ном хурах гэх мэт ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан ногоон төгөл байгуулах ажилтай танилцах, энэхүү ажлыг өргөжүүлэх талаар иргэдтэй санал солилцох юм.
Ташрамд, Монгол Улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон.
Үүний зэрэгцээ “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох” тухай хуулийг баталж, хэлмэгдэгчийн гэр бүлд нөхөх олговор олгож байна.
Ховд аймгийн тухайд одоогоор 20 хүнд нөхөх олговор олгох эрх үүссэн. Тэдний 15 нь хуваарийн дагуу нөхөх олговор авсан байна.