ХОВД: Хамгийн том тарвас 16.8 кг жинтэй байв

ОРОН НУТАГТ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-13 19:58:15

Ховд /МОНЦАМЭ/.  Тарвас бол Ховд нутгийн брэнд бүтээгдэхүүний нэг. Иймээс нутгийн онцлог, брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор “Тарвас эвент-2022” үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.  


"Тарвас эвент" үйл ажиллагааны хүрээнд  хамгийн том тарвас шалгарууллаа. Тодруулбал, өнөөдөр танилцуулсан  хамгийн том тарвас 16.8 кг жинтэй байсан бөгөөд үүнийг Ховд аймгийн Буянт сумын тариаланч О.Октябрь тарьж ургуулсан байна.


Мөн
Жаргалант сумын тариаланч Т.Дөрвөдханы талбайд ургасан хамгийн том хэмжээтэй тарвас нь 15.4 кг жинтэй, Буянт сумын тариаланч Н. Дауренбекийн тарьж ургуулсан тарвас 15 кг жинтэй байлаа. 


"Тарвас эвент" үйл ажиллагааны хамгийн том тарвасыг (16.8 кг) дуудлага худалдаанд оруулсан бөгөөд аймгийн ИТХ-ын төлөөлөгч П.Эрдэнэ-Очир 300.000 төгрөгөөр
 худалдан авлаа.


Энэ үйл ажиллагаа нь хоёр дахь жилдээ ийнхүү амжилттай өрнөв. Энэ үеэр мэргэжлийн байгууллага, тогоочид, газар тариалан эрхлэгч иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, тарвас болон бусад төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо ашиглан хоол, ундаа зэргийг хийж, олон нийтийн хүртээл болгосон юм. 

Related news