Д.Нармандахын нэрэмжит олон хотын тэмцээн Орхон аймагт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-09-26 15:45:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Атланта-1996” олимпын наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга, ХХ зууны манлай жүдоч, гавъяат тамирчин Доржпаламын Нармандахын нэрэмжит өсвөрийн жүдочдын олон хотын тэмцээн есдүгээр сарын 24-26-нд үргэлжилж байна.


Энэхүү 15 дахь удаагийн уламжлалт тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын спорт цогцолбор, “Хангарьд” спорт клуб хамтран зохион байгуулж байгаа юм. Эрдэнэт хотын “Хангарьд палас” спорт цогцолборт явагдаж буй уг тэмцээнд 53 байгууллагын 1300 гаруй жүдочид гурван насны ангилалд өрсөлдөж шилдгүүдийг тодруулж байгаа билээ.


 

Д.Нармандах нь1996 оны Атлантагийн олимпын наадамд оролцсон Монгол Улсын баг тамирчдын цорын ганц хүрэл медалийг  жүдо бөхийн 60 кг жинд хүртсэн түүхтэй. Түүний нэрэмжит тэмцээнийг МЖБХ-ны Шүүгчдийн зөвлөлөөс томилогдсон ерөнхий шүүгч З.Сүхчулуун тэргүүтэй Олон улсын зэрэглэлийн шилдэг шүүгчид удирдан явуулж байгаа бөгөөд тэмцээн өнөөдөр өндөрлөнө.

Related news