Монголын пара жүдочдод Японд үйлдвэрлэсэн кимоно бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-23 12:44:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний биеийн тамирын дээд сургууль /ҮБТДС/-тай, Японы олон улсын олон талт сургалтын хамтын ажиллагааны хүрээнд Цүкүба Их сургууль болон Касүми Гакүен цогцолбор сургууль, Чүо ахлах сургуулийн төлөөлөгчид Улаанбаатар хотноо ирж харилцан туршлага солилцов.


Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Цүкүба Их сургуулийн профессор Асако Такекума /PhD, ME, BA, RN, CNL/, Чүо Ахлах сургуулийн дэд захирал Фүрүсава Тэцүжи, Биеийн тамирын багш, дасгалжуулагч Виктор Итакүсү Тадаши нар багтжээ. Тэд ҮБТДС-ийн удирдлага, багш нартай уулзаж, тус сургуулийн өнөөгийн сургалтын үйл ажиллагаатай танилцсан юм.


Мөн биеийн тамирын заал болон хичээлтэй танилцан, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр багш, оюутан, сурагчидтай дадлага хийж санал бодлоо хуваалцлаа.


Төлөөлөгчид ҮБТДС-ийн бөхийн зааланд очиж харааны бэрхшээлтэй тамирчдын сургалт, дасгалжуулалттай танилцаж, хамтдаа бэлтгэл хийж, тамирчдад японоос авчирсан жүдогийн өмсгөл /кимоно/ хандивласан юм.


Энэ үеэр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Ганбаттай уулзаж сэтгэгдлийг авсан юм.



Тэрбээр: “Өнөөдөр Цүкүба Их сургуулийн профессор Асако Такекума тэргүүтэй японы төлөөлөгчид Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ны төлөөлөгчид болон Пара жүдогоор хичээллэж байгаа хүүхэд залуустай уулзаж японд үйлдвэрлэсэн кимоно бэлэглэж байгаад хамт олныхоо өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Ер нь харааны бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хөдөлгөөний дутагдалд орох эрсдэл өндөр байдаг. Тийм ч учраас тэр хүмүүст тусгай заал танхим гаргаж биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийх болон пара спортын төрлөөр хичээллүүлэхэд төрөөс дэмжиж байдагт бид бүхэн талархдаг. Манай пара жүдогийн холбоонд харьяалагддаг 100 шахам тамирчид өөрсдийн боломжоор ажил, гэрийн ойролцоо жүдогоор хичээллэдэг заалууд бий. Тухайлбал, ҮБТДС-ийн энэ заал байна. Монголын пара жүдочид сүүлийн жилүүдэд паралимпын болон ДАШТ-ий медальт цөөнгүй тамирчидтай болсон. Манай пара жүдогийн шигшээ багийн тамирчид Үндэснийхээ багт хичээллэж байгаа гэдгээрээ бид бахархдаг. Өнөөдөр харааны бэрхшээлтэй олон хүүхэд, залуус пара спортоор хичээллэж амжилт гаргаж байна” гэлээ.


Мөн энэхүү нөхөрсөг уулзалтын үеэр Цүкүба Их сургуулийн профессор, хатагтай Асако Такекуматай уулзаж ярилцсан юм.




-Та ҮБТДС-тай хэдийнээс харилцаа тогтоож хамтран ажиллаж байна вэ?


-Одоогоос 3 жилийн өмнө ҮБТДС-ийн профессор хүн манай Цүкүба Их сургууль дээр ирж туршлага солилцсон юм. Тэр үеэс бидний ажил хэргийн харилцаа эхэлсэн. Бидний ажлын гол зорилт болон анхны судалгаа бол хүүхдийн бие бялдрын өсөлт бойжилтын тухай, хүүхдийн хөдөлгөөн болон биеийн тамирын дасгал хөдөлгөөний талаар судалгаа хийж байсан.


-Та өөрийнхөө сургуулийн талаар танилцуулна уу?


-Токиогоос 1 цаг метрогоор яваад хүрдэг Ибараки мужийн Цукубаши гэдэг газар байдаг Цүкүба Их сургууль юм. Манай сургууль эрдэм шинжилгээний ажил болон сурган хүмүүжүүлэх 2 чиглэлээр үйл ажиллагааг гол төлөв явуулдаг. Одоогоос жилийн өмнө Японд олон улсын олон талт сургалтын хамтын ажиллагааг өрнүүлэн явуулж байгаа. Энэ хүрээнд манай сургууль, ҮБТДС-тай хамтран ажиллаж байна.


-Монголд энэ удаа ямар ажлаар ирээд байна вэ?


-Энэ удаагийн ирсэн зорилго бол эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа өргөжүүлэхээр Чүо Ахлах сургуулийн дэд захирал Фүрүсава Тэцүжи болон Биеийн тамирын багш, дасгалжуулагч Виктор Итакүсү Тадашигийн хамт гурвуулаа ирсэн. Бид цаашид эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тус сургуультай хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаа. Мөн бид Монголын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-тай хамтраад судалгааны ажил хийж байгаа.




-Та Монгол орны талаар сэтгэгдлээ хуваалцана уу?


-Монгол оронд ирэх их дуртай. Би 2017 оноос хойш энэ сайхан оронд ирж монгол хүмүүстэй хамтран ажиллаж байгаа бөгөөд одоо 5 дахь удаагаа ирээд байна. Мөн бид энэ удаа ирэхдээ жүдо бөхийн спорт сонирхдог ч жүдогийн өмсгөл /кимоно/ авах амьдралын боломж нь тааруу хүүхэд залууст жаахан ч гэсэн аз жаргал бэлэглэхээр эдгээр кимоног авч ирсэн юм. Бид цаашдаа ийм хүмүүнлэг үйлсийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.


Мөн энэ үеэр Биеийн тамирын багш, дасгалжуулагч Виктор Итакүсү Тадаши Монгол орон болон монголчуудын талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцаж ингэж ярьсан юм.




“Би Монголд 2 дахь удаагаа ирж байна. Монголд ирэхийг хүссэн ч цар тахал /коронавирус/-аас болоод нэлээд удаан хойшлогдсоор байгаад хүсэл мөрөөдлийн Монгол орондоо ирээд байна. Би жүдо бөхөөр 8 настайгаас хичээллэж эхэлсэн. МЖБХ-ноос 2019 онд надад жүдо бөхийн спортын мастер цол олгосонд ихэд талархаж байгаа. Ийм цол авсан гадаадын анхны хүн болов уу гэж бодож байна. Би жүдо бөхийн Япон улсын аварга цолыг нэг удаа хүртсэн. Тухайн үед 4 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг байсан /өнөөгийн Токиогийн Их дуулга/ тэмцээнд 2 удаа түрүүлсэн. Энэ тэмцээний нэгд нь /1990 онд/ Монголын жүдоч 1989 оны ДАШТ-ий хүрэл медальт Дашгомбын Баттулга /гавьяат тамирчин, Ардын багш/-тай аваргын төлөө барилдаж түүнийг ялж аварга болж байв. Намайг 3 жилийн өмнө Монголд ирэхэд миний буусан зочид буудалд Д.Баттулга уулзах гэж ирж байсан билээ. Монголд жүдогийн өмсгөл /кимоно/ Японоос харьцангуй үнэтэй байгаа болохоор бид ингэж туслахаар шийдсэн. Японд үйлдвэрлэсэн кимоно нь маш бат бөх, урагдахгүй учраас жүдогоор хичээллэгч хүүхэд, залуус үүнийг өмсөөд жүдогийн техникүүдийг сурахад маш хялбар байдаг. Тиймээс ч энэ кимоног авсан хүүхэд, залуус маш их баяртай байгааг харж байна хэмээн ярьсан юм.



















Related news