Б.Буяндалай өнөөдөр Ази тивийн аваргын төлөө тулалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэй боксчид Йорданы нийслэл Амман хотноо
болж буй насанд хүрэгчдийн Ази тивийн 2022 оны аварга шалгаруулах тэмцээнээс 1
мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Өчигдөр /2022.11.11/ тус тэмцээний эмэгтэйчүүдийн жин тус
бүрийн шигшээ тулаанууд болж Aзи тивийн аваргууд тодорсон бөгөөд энэ удаа Монголоос 8
эмэгтэй тамирчин оролцож 5 нь медаль хүртээд байна.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 60
кг жинд Үндэсний шигшээ баг, "Хилчин" спорт хорооны тамирчин, өсвөр үеийн Ази
тивийн аварга Т.Номин-Эрдэнэ /19 настай/, БНСУ-ын тамирчин ДАШТ-ий хүрэл медальт,
Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга О Ён Жи /32 настай/-тэй тулалдаж
ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.
Залуу тамирчин Т.Номин-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Ази
тивийн хошой аварга Казахстаны тамирчинг, мөнгөн медалийн төлөө залуучуудын Ази
тивийн хошой аварга Тайландын тамирчинг тус тус ялж ийнхүү 19 насандаа тивдээ үзүүрлэж
байна.
Монголын эмэгтэй шигшээ багаас 52 кг жинд ҮШБ, "Аврагч" спорт
хорооны тамирчин ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг жинд ҮШБ, "Аврагч" спорт хорооны
тамирчин ОУХМ О.Есүгэн, 63 кг-д ҮШБ, "Аврагч" спорт хорооны тамирчин У.Шинэцэцэг,
70 кг жинд ҮШБ, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ Э.Эрдэнэтуяа нар Ази тивийн
АШТ-ий хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 60 кг-д медаль хүртсэн тамирчдад энэхүү
тэмцээнд хүндэт зочноор уригдан оролцож буй МБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч,
ОУБХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Бат-Энх шагнал гардуулж баяр хүргэв. Мөн ОУБХ-ны
ерөнхийлөгч Умар Кремлёв баасан гарагт хүрэлцэн ирж тамирчдад шагнал болон
дурсгалын зүйл гардуулжээ.
Өнөөдөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн аваргын төлөөх тулаанууд болох бөгөөд Монгол Улсаас 60 кг жинд спортын мастер Б.Буяндалай орой 19 цаг 30 минутаас эзэн орны /Йордан/ тамирчин Мухаммед Абу Жижа-тай тивийн аваргын алтан медалийн төлөө тулалдана.