ХОВД: 12 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-12-02 09:40:35

Ховд /МОНЦАМЭ/. 2022 оны 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, уур амьсгалын тойм мэдээллийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс танилцууллаа.  

Олон жилийн дундаж утга гэдэг нь 1991–2020 оны хооронд тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. 12 дугаар сард агаарын температурын олон жилийн дундаж нь нийт нутгаар -16...-24°C байдаг. Сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар нутгийн баруун хэсгээр 2–6 мм, бусад нутгаар 0–2 мм хур тунадас ордог байна.


Цаг агаарын урьдчилсан мэдээгээр 12 сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. 
12 сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй.


Цаашид нийт нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдах ба 12 дугаар сарын урьдчилсан мэдээгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул малчид, ард иргэд, тээвэрчид хол ойрын замд гарахдаа дулаан хувцаслаж, машин техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авахыг
мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Түүнчлэн мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна. 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар Буянт голын мөсний зузаан 10 см, Булган голын мөсний зузаан 21 см, Ховд голын мөсний зузаан 23 см байна.

Мөн Дундцэнхэр голын мөсний зузаан 20 см, Долооннуур голын мөсний зузаан 10 см байгаа бол Хар-Ус нуурын мөсний зузаан 26 см, Төгрөг голын мөсний зузаан 5 см тус тус хүрч, мөсөн бүрхүүл тогтсон.

Харин Чоно-Харайх гол мөсөн зах, өтгөн зайртай байна. Хэдийгээр хүйтний улмаас гол, нуурын мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч нийт уртын дагуу мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй.

Иймээс  тээвэрчид, ард иргэд гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох,
 цаг хожих зэргээр тээвэрлэлт хийхгүй байх, загас агнах гэх мэт бусад үйл ажиллагаа явуулахгүй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.

 

Related news