ХОВД: Бөхөнгийн эврийг цуглуулах, худалдах явдлыг таслан зогсооход анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-02-10 08:30:28

Ховд/МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд монгол бөхөнгийн тоо толгой өсөж, 13 мянгад хүрсэн тухай судалгаа гарчээ.

Одоогоор монгол бөхөнгийн тархацын 60 орчим хувь нь Говь-Алтай аймагт байдаг бол 40-өөд хувь нь Ховд аймгийн нутаг дэвсгэрт байна.

Мөн Увс, Завхан аймгийн нутгаар бөхөн нутагшиж байгаа аж.

Бөхөнгийн амьдрах орчныг сайжруулах, өвчлөлийг таслан зогсоох, тухайн зүйл амьтны нүүдлийн замыг чөлөөтэй байлгах, хамгаалах талаар мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллаж ирсэн.

Үүний зэрэгцээ бөхөнгийн эврийг цуглуулах, худалдах хууль бус явдлыг таслан зогсоох, хулгайн антай тэмцэх ажлыг мэргэжлийн байгууллагууд чухалчилж байна.

Бөхөнгийн эврийн эрэлт хэрэгцээ нь хаанаас гэх гарал үүслийг чухалчилдаггүй ч Монгол Улсын нутаг дэвсгэрт болон БНХАУ-ын гааль дээр хулгайн анчид, наймаачид саатуулагдаж байгаа тохиолдол гарч байгаа аж.
Тухайлбал, 2006 оноос хойш Монгол Улсаас ирсэн 939 бөхөнгийн эвэр болон бусад газраас авч ирсэн эвэр тус бүр нийт 9 удаа хураагдсан тухай хамаарах эрх бүхий ажилтан мэдээлсэн байдаг.

Цаашид бөхөнгийн эврийг цуглуулах, худалдах хууль бус явдлыг таслан зогсоохын тулд зарим бодлогын баримт бичиг болон дагаж мөрдөх шаардлагатай стандартуудыг сайжруулах нь чухал гэж албаныхан үзэж байна.

Энэ хүрээнд “Бөхөнгийн эвэр цуглуулах болон худалдах асуудлыг нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэх замаар хууль, бодлогын хэрэгжилтийг сайжруулах нь” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.
 

Төслийн нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 9-ний өдөр Ховд аймагт зохион байгууллаа.

Төслийн нээлтэд Монгол Улсад Гэмт, хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн төлөөлөл болон Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Зоонозын өвчин судлалын төв, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, Дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг холбогдох байгууллагын мэргэжилтнүүд болон Экологийн цагдаа нар оролцож, хамтран ажиллах мэдээлэл солилцсон юм. 

Зэрлэг амьтдын эд эрхтний хууль бус худалдаа нь биологийн олон янз байдлыг хамгаалах, нөөцийг нь нэмэгдүүлэх, нөхөн сэргээхэд учруулж буй сөрөг нөлөөгөөрөө дээгүүрт ордог.

Иймээс дээрх төслийн хүрээнд бөхөнгийн эвэр болон түүний худалдах цар хүрээг улсын хэмжээнд тодорхойлох зорилт дэвшүүлжээ.

Мөн н
отлох баримтад тулгуурласан урьдчилан сэргийлэх таслан зогсоох арга хэмжээг төлөвлөсөн, хууль бус үйл ажиллагаа үйлдэгчдийг гэмт хэргээ үргэлжлүүлэх сэдлийг бууруулах, бодлогын баримт бичгийг нэвтрүүлэх аж. Үүнээс гадна хураагдсан бөхөнгийн эвэр, эд эрхтнийг хадгалах, устгах, нотлох баримттай харьцах менежментийг сайжруулах гэсэн томоохон зорилт дэвшүүлсэн байна.   
Монгол бөхөн (Saiga tatarica mongolica) нь эмзэг. Дэлхийн ховордсон 100 амьтны жагсаалтад орсон. Агнахыг хориглосон, дархан цаазат амьтан юм.  

Related news