Монгол Улс Дэлхийн экспог зохион байгуулах БНСУ-ын хүсэлтийг дэмжиж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. 2030 онд Дэлхийн экспог өмнөд нутгийн Бусан хотдоо
зохион байгуулах БНСУ-ын хүсэлтийг Монгол Улс дэмжиж байна гэж тус улсын Ерөнхий
сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.
“Монгол Улсын
Засгийн газар 2030 оны Дэлхийн экспог зохион байгуулах БНСУ-ын хүсэлтийг дэмжиж байна”
гэж Л.Оюун-Эрдэнэ Монгол-Солонгосын бизнес форумд оролцох үеэрээ тэмдэглэжээ.
БНСУ дэлхийн
эдийн засгийн хүчирхэг гүрэн болж байгаа бөгөөд цаашид хөгжин цэцэглэх тусам
Азийн бүх оронд үр өгөөжөө өгнө гэж тэрбээр хэлсэн байна.
Л.Оюун-Эрдэнэ
БНСУ-ын Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад төлөөлөгчидтэй хэлэлцээ хийхээр
Сөүл хотноо энэ долоо хоногт таван өдрийн албан ёсны айлчлал хийж буй юм.
Тэрбээр Бусан
хотыг “Монгол Улсыг Номхон далайтай холбох боомт хот” хэмээн тодорхойлоод,
БНСУ-тай бизнес, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаа, харилцан
солилцоог гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
Монгол Улс нь бизнесийн
түншлэлийн талаар хэлэлцэх боломжтой иргэний агаарын тээврийн салбар болон
төмөр замын дэд бүтцийн олон төслийг хэрэгжүүлж байгааг Ерөнхий сайд онцолсон
байна.
Монгол-Солонгосын
бизнес форумд оролцогчид мөн ашигт малтмал, байгалийн нөөцийн нийлүүлэлтийн
сүлжээ зэрэг хоёр талын харилцан сонирхсон сэдвээр өргөн хүрээний хэлэлцүүлэг
өрнүүлсэн гэж уг арга хэмжээг зохион байгуулагчдын нэг Солонгосын Худалдаа, аж
үйлдвэрийн танхимаас мэдээлжээ.
Энэхүү форумд
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНСУ-ын Худалдааны дэд сайд Жён Дэ Жин
тэргүүтэй өндөр албан тушаалын төлөөлөгчид оролцлоо. Бизнесийн форум сүүлийн таван жилд
анх удаагаа зохион байгуулагдаж буй нь энэ юм.