ХОВД: 7 дугаар сургууль явуулын номын сантай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-02-28 12:55:52

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургууль энэ хичээлийн жилд 1400 гаруй сурагч, 120 орчим багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.   

Хүүхдийн сурч боловсрох, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, соён гэгээрүүлэх, хүүхдэд ээлтэй байгууллага болон хөгжихөд эцэг эх, олон нийтийн дэмжлэг, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг. Иймээс тус сургууль дэргэдээ 13 хүний бүрэлдэхүүнтэй Эцэг эхийн зөвлөл байгуулсан бөгөөд анги тус бүр мөн эцэг эхийн зөвлөлтэй ажиллаж байна.  

Өнөөдөр "Хүүхэд-Эцэг эх, асран хамгаалагч-Багш нарын харилцааг идэвхжүүлэх" уулзалт зохион байгуулж, туршлага солилцлоо.

Энэ үеэр тус сургуульд хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд гарч буй эерэг өөрчлөлт, эцэг эх багш нарын хамтын ажиллагааны үр дүн, шинэлэг ажлуудын талаар танилцуулга мэдээлэл хийлээ.

Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн эцэг эхийн зөвлөл хүүхдийн хөгжлийг дэмжсэн олон талт ажлыг хэрэгжүүлж ирсэн.   

Үүнээс онцлоход, энэ хичээлийн жилд тус сургуулийн 7в ангийн эцэг эхчүүдийн санаачилга, хамтын оролцоотойгоор "Явуулын номын сан" байгуулжээ. Тус номын санг бий болгохдоо хаягдал хөргөгч ашигласан байна.

Сурах бичиг болон уран зохиол, үлгэр зэрэг олон төрлийн номтой энэхүү номын санг байгуулснаар хүүхэд багачууд, өсвөр үе, залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ном унших, мэдлэгээ сайжруулах, хамтдаа хөгжих боломж нэмэгджээ.   


Сурагчид хүссэн номоо уг номын сангаас авч уншдаг ба уншсан номын утга агуулгыг бусадтайгаа хуваалцах үйл ажиллагааг мөн өрнүүлдэг гэж багш нар хэллээ.  

Related news