ГОВЬ-АЛТАЙ: "Нэг тэрбумаараа тэмцье-2023" алхалт Алтай хотноо болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-06 16:30:19

Есөнбулаг /МОНЦАМЭ/. "Нэг тэрбумаараа тэмцье-2023" эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөө алхалт Говь-Алтай аймагт гуравдугаар сарын 5-нд боллоо.


Охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэх, тэдний эдийн засаг, сэтгэл санаа, бие махбод, бэлгийн эрх чөлөө хэрхэн зөрчигдөж буй, үүнийг таслан зогсооход нийгмийн ойлголт, хандлага, мэдлэгийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, иргэдийн утга учиртай оролцоогоор дамжуулан хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэх үндэсний хөдөлгөөнийг бэхжүүлэх зорилгоор ил алхалтыг зохион байгуулсан тухай холбогдох албанаас мэдээлэв.


“Нэг тэрбумаараа тэмцье” хөдөлгөөн нь дэлхий даяар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүхий л төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө урлагаар дамжуулан нөлөөлдөг бөгөөд дэлхийн 200 гаруй улсад зохион байгуулдаг онцлогтой. Энэхүү хөдөлгөөнийг Монгол Улсад 2013 оноос эхлэн жил бүр өрнүүлж, энэ жил 10 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж буй юм. 

Энэхүү хөдөлгөөнд Говь-Алтай аймаг нэгдэж байгаагаа “Нэг тэрбумаараа тэмцье-Эмэгтэйчүүдийн эрх чөлөө" гэсэн бичвэрийг монгол уран бичгээр бичиж, алхалтад оролцсон хүн бүр өөрсдийн үзэл бодлоо гарын хээгээрээ дүрслэн илэрхийллээ. Мөн алхалтад оролцохоор ирсэн иргэдэд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдээлэл зөвлөгөөг хүргэж, OPEN MIC үйл ажиллагааг зохион байгууллаа. 


Related news