Ирланд Улсад ажиллаж амьдарч, сурдаг иргэдэд анхаарал хандуулж, хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-03-26 16:33:23
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Ирланд Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Энхсүх 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ирланд Улсын Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинст Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Элчин сайд Б.Энхсүх Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинст уламжилж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, соёл, боловсрол зэрэг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.


Ерөнхийлөгч Майкл Д.Хиггинс хоёр улсын харилцаа бүхий л чиглэлд хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Ирланд Улсад ажиллаж амьдарч, сурч буй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж буйтай холбогдуулан талууд энэ чиглэлд анхаарал хандуулж, хамтарч ажиллахаар ярилцав.


Элчин сайд Б.Энхсүх Ирландын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Оливиа Лэсли-тэй уулзаж, хоёр улсын хооронд хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, дээд, өндөр түвшинд харилцан айлчлал хэрэгжүүлэх, Гадаад хэргийн яамд хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах, олон улсын байгууллагуудын хүрээнд хамтран ажиллах, Ирланд Улс дахь монгол иргэдэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. Энэ онд Монгол Улс, Ирланд Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна.

Related news