Доктор Л.Мөнх-Эрдэнийг хараат бус шинжээчээр томилов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 10-нд явуулахаар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гуравдугаар сарын 15-ны хуралдаанаар шийдвэрлэсэн. Сонсгол зохион байгуулахтай холбогдуулан Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах үүрэг бүхий шинжээчийг тус байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаас томилов.
АШУҮИС-ийн доктор Л.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн, хараат бус шинжээчээр ажиллахаар нэрээ дэвшүүлсэн байна. Тэрбээр хөрөнгө оруулалтын эдийн засаг, эрүүл мэндийн даатгал, тусламж үйлчилгээний чанар, орчны эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаарх бодлогын болон орчны эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач юм. Эрүүл мэндийн асуудлуудыг эдийн засагтай холбож судалдгаараа онцлог болохыг олзуурхаж буйгаа УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн илэрхийлж, Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдэд ёс зүйн талаар хэрхэн дүгнэлт өгөх тухай, мөнхүү Эрүүл мэндийн даатгалын салбарт явуулж буй шинэчлэлийн үзэл баримтлалыг хэрхэн үнэлж буйг нь түүнээс асууж, хариулт авлаа. Тэрбээр, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлд нэр дэвшигчид ашиг сонирхлын зөрчилгүй байх зарчмыг гол болгож ажиллахыг шинжээчид зөвлөв.
Доктор Л.Мөнх-Эрдэнийг хараат бус шинжээчээр томилох тухай байнгын хорооны тогтоолыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжиж баталлаа.