ХОВД: Гагнуурын дадлагын газар орчин үеийн тоног төхөөрөмжтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-04 12:35:19

Жаргалант /МОНЦАМЭ/. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА-ийн санхүүжилтээр Ховд аймаг дахь "Хөгжил" политехник коллежид Гагнуурын дадлагын газрын орчин сайжруулах төсөл хэрэгжив.
Энэхүү төслийн нээлтийн үйл ажиллагааг 5 дугаар сарын 3-нд зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд Туркийн Элчин сайд Зафер Атеш болон холбогдох албаны төлөөллүүд, аймаг орон нутгийн удирдлага, коллежийн багш, оюутнуудын төлөөлөл оролцлоо.

Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг ТИКА нь 2021 онд Ховд аймаг дахь "Хөгжил" политехник коллежийн Хоол үйлдвэрлэлийн дадлагын газрыг тохижуулж, тоног төхөөрөмж шинэчлэх төсөл хэрэгжүүлсэн бол энэ жил Гагнуурын дадлагын газрын орчин сайжруулах төслөө мөн амжилттай хэрэгжүүлжээ.

Төслийн хүрээнд Гагнуурын дадлагын газарт нийлүүлсэн тоног төхөөрөмжийг багш, суралцагчид өдөр тутам ашиглаж, мэдлэг ур чадвараа дээшлүүлж байна.  

"Хөгжил" политехник коллеж нь нийт 1228 суралцагчтай. Үүнээс 74 суралцагч нь гагнуурын ангид сурч байна.

Тус аймгийн уул уурхай болон барилга бүтээн байгуулалтын салбарт олон компани үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийн нэг бол гагнуурчин юм.

Мэргэжилтэй, ур чадвартай гагнуурчныг бэлтгэх олон улсын стандартад нийцсэн Гагнуурын дадлагын газар ийнхүү Ховд аймагт бий болж, орчин үеийн тоног тѳхѳѳрѳмжийг туршиж, сургалтын үйл ажиллагаандаа ашиглах боломж бүрдсэнд  "Хөгжил" политехник коллежийн хамт олон талархалтай байна.  

Related news