Дэвжээгээ санасан гавьяатууд
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Киев-1983”, “Будапешт-1985” насанд хүрэгчдийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт, “Шинэ Дели-1982” Азийн наадмын аварга, “Скопье-2018” мастеруудын дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Б. Болдын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өчигдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ.
Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаанд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, ардын багш, гавьяат дасгалжуулагч Н.Намшир, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны ерөнхийлөгч гавьяат тамирчин А.Сүхбат, “Будапешт-1986” ДАШТ-ий мөнгө, “Будапешт-1985” ДАШТ-ий хүрэл медальт гавьяат тамирчин А.Энхээ, “Скопье-1979” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Бүргэдаа, гавьяат тамирчин О.Бахыт, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Ло.Энхбаяр, Ц.Баярсайхан, чөлөөт бөхийн ОУХМ, гавьяат дасгалжуулагч Б.Санжаа, Ч.Гочоосүрэн, чөлөөт бөхийн ОУХМ Ж.Бор, Б.Баттуяа, Д.Хишигдорж, Ц.Дуламсүрэн, үндэсний шигшээ багийн албаны дарга Б.Билэгт, Азийн чөлөөт бөхийн холбоо болон МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр, гавьяат тамирчин Б.Болдын ээж, ах дүү, гэр бүл, найз нөхөд нь оролцсон байна.
Нээлтийн үеэр Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны тугийг Спортын төв ордонд мастеруудын ДАШТ-ий медальт шилдэг тамирчид хүндэтгэлтэйгээр залжээ. МҮОХ-ноос нэрэмжит тэмцээний эзэн Б.Болдыг дээд шагнал “Алтан очир” одонгоор шагнаснаас гадна МЧБХ, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос хүндэтгэл үзүүлсэн юм.
Зургаа дахь удаагийн мастеруудын Улсын аварга шалгаруулах
тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан, Швед гэсэн таван орны бөхчүүд өрсөлдөж
байгаа бөгөөд “A”, “С”, “E” ангиллын медальтнууд тодорно.
Ер нь энэ удаагийн тэмцээнийг дэвжээгээ
санасан гавьяатуудын цугларалт боллоо гэж ч нэрийдэж болох онцлогтой байв.
А.Сүхбат 23 жилийн дараа дэвжээнд гарлаа
Гавьяат тамирчин Б.Болдын нэрэмжит чөлөөт бөхийн 6 дахь удаагийн
мастеруудын УАШТ-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, Зүүн Азийн
наадмын мөнгөн медальт, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, гавьяат тамирчин,
дархан аварга Агваансамдангийн Сүхбат “D” (51-55 нас) ангиллын 100 кг-ын жинд
хүч үзэж байна. А.Сүхбат аварга 23 жилийн дараа чөлөөт бөхийн дэвжээн дээрээ
гарч байгаа нь энэ.
Ердөө сар гаруйн өмнөөс Монголын чөлөөт бөхийн мастеруудын
холбооны ерөнхийлөгчөөр ажиллах болсон түүний хувьд хамгийн сүүлд 2000 оны
насанд хүрэгчдийн улсын аваргад 97 кг-ын жингийн алтын төлөөх барилдаанд ОУХМ Ганзоригийн Ганхуягийг ялж тав дахь
түрүүгээ хүртэж байсан билээ.
МУГТ Г. Үүрцолмон самбо бөхөө чөлөөтөөр “солив”
Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнд таван
орны бөхчүүд өрсөлдөж буйгаараа онцлог болж байна. Өөр нэгэн онцлог нь МУГТ
Г.Үүрцолмон самбо бөхөө чөлөөтөөр сольсон явдал байв. Тодруулбал, Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн хошой
аварга, 1 мөнгө, 1 хүрэлтэй, Дэлхийн цомын алт, мөнгөн медальт, гавьяат
тамирчин, самбо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Үүрцолмон чөлөөт
бөхөөр өрсөлдсөн юм.
Тэрбээр “E” ангиллын 78 кг-ын жинд эхний тойрогтоо “Төгс” дэвжээний дасгалжуулагч, чөлөөт бөхийн ОУХМ М.Баярсайханд 1:5-аар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.