ДАШТ-ий шилдэг 10 тоглогчийн жагсаалтад А.Ананд багтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-31 14:07:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрийн Вена хотноо явагдаж буй 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ий эргэн тойронд Монголын багийн тамирчидтай холбоотой эерэг мэдээллүүд цацагджээ.


Тухайлбал, ФИБА-гаас ДАШТ-ий үеэр тоглолтыг нь заавал үзэх шилдэг арван тоглогчийг нэрлэв. Тус жагсаалтад Монголын багаас А.Ананд багтжээ. Өдгөө 26 настай тэрээр Азийн АШТ-ий шигшээ тоглолтод Австралитай 18:18-аар тэнцээд байх үед хоёр онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэн "баззер" хийсэн билээ. Түүний шидэлтүүд Австрийн талбайд "гал асааж" магадгүй юм. "Сансар ММС Энержи" багийн хамтаар дэлхийн цуврал тэмцээнүүдэд тоглож, хөгжөөн дэмжигчдийн санал асуулгаар 2022 оны дэлхийн шилдэг тамирчнаар тодорсон А.Анандын шидэлтээс гадна түүний дамжуулалтууд ч мөн багийн бусад тоглогчдод довтолгооны сул орон зайг гаргаж өгөх боломжтой. Ялангуяа нуруугаар өндөр багуудын эсрэг ийм төрлийн довтолгооны хувилбаруудыг сонгох нь үр ашигтай гэдгийг дэлхийн цуврал тэмцээнүүдийн үеэр хангалттай харуулсан юм.


Мөн Монгол Улсын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тоглогч Ө.Индра 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д Унгар, Чехийн эсрэг эхний хоёр тоглолтдоо нийт авсан оноогоороо (17 оноо) бүх тоглогчдыг тэргүүлж байна. Манай эмэгтэй сагсан бөмбөгчид зургаадугаар сарын 1-ний өдөр буюу маргааш АНУ, Канадын багтай тоглох юм.


Үндэсний сагсан бөмбөгийн дээд лиг өндөрлөсний дараа 3х3 шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга "М Гарьд" багийн тоглогч түүнийг шигшээ багт нэгдэхийг урьснаар сүүлийн үед тоглолт нь байнга олны анхаарлын төвд байх болж, Ө.Индра 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд элссэн юм. Тэгвэл өнөөдөр ДАШТ-ий талбайд бас шуугиулж эхэллээ.

Related news