Жонан Ханчэн Гэгээнийг ширээнд залж, бат-оршил өргөх ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-12 18:57:31

Намрын дунд сарын шинийн есны билэгт сайн өдөр буюу энэ сарын 11-ны өдөр Халхын 9-р Богд болон далай багш нар Жамъяан Гончиг Бал Самбуу ламын хойд дүр Жонан Ханчэн гэгээнийг ширээнд нь залж, бат-оршил өргөх ёслол Хэнтий аймгийн Чингис хотноо боллоо.

Монголын Бурхант Шашны Төв Гандантэгчэнлин хийд, аймгийн Гүндүгаварлин хийд, Шадавдаржаалин хийд, “Хэнтий аймгийн нутгийн зөвлөл” хамтран зохион байгуулсан энэхүү ёслолд лам хувраг, сүсэгтэн олон өргөнөөр оролцов.

Энэ үеэр бат оршилын мандал, цувааны өргөл өргөсөн юм. Бат-Оршил өргөснөөр Жонан Ханчэн гэгээнээ урт удаан наслаж, шашин амьтны тусыг бүтээхийг айлтгаж байгаа зан үйл юм. Хэнтий нутгаас маань бурхан номын зан үйлд нэвтэрсэн номт хүмүн төрсөн явдалд Аймгийн удирдлагууд болон нутгийн зон олон маань хүндэтгэн биширч, баярлан сүсэглэж байлаа.

Бурханы шашин дотроо өөр өөрийн тогтсон таалал, хэв маяг, номлол бүтээл, гүн гүнзгий үзэл бүхий урсгалууд буюу номын ёсонд хуваагддаг. Тэдгээрийн нэг нь Жонанбийн тогтсон таалал юм. Уг урсгалын Жонан Ханчэн Жамъян Гончиг Бал Самбуу лам нь Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын урд дүр болох Жонан дарнат ламын дамжлагын багшаар шүтэгдэж байсан түүхтэй. 2006 онд Халхын 9-р Богд болон далай багш нар Жамъяан Гончиг Бал Самбуу ламын хойд дүрээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Гомбын ач хүү Гантөмөрийг тодруулж муртын тэмдэг батламж бичиг өгөн зарлиг буулгаж Жонан Ханчин гэгээн тодорсон билээ.

Энэхүү эртний уг язгуурт Жонан Ханчэн гэгээнтнийг ширээнд нь залж, Бат-Оршил өргөх ёслолын үеэр Хэнтий нутгийн бахархал болсон Батноров хийцийн эмээл, хазаар тэргүүтэн бүрэн тоноглол бүхий морин эрдэнийг гэгээнтэнд өргөн барилаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news