СҮХБААТАР: Дарьгангаас бусад чиглэлд аялж болох байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц газрууд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийг зорих аялагч, жуулчид ихэнхдээ Дарьганга чиглэлд зорчдог. Тэгвэл тус аймагт байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд олон байдаг. Аялагчид Эрдэнэцагааны Хөндлөн хайлааст, Онгоны Мухарын ганга, Хулгайчийн шанд, Баяндэлгэр сумын Хужиртын хавцал, Онгон таван булаг, Түвшинширээ сумын Дэлгэрхаан уул зэргийг зорин очиж танилцах боломжтой.
Дэлгэрхаан уулын дурсгал: Бүрэнцогтын уурхайгаас зүүн урагш 17 км-т баруун тийшээ
сунаж тогтсон Их Хүнгүй, Дэлгэрхаан уулын энгэрийн бууц зэрэг богино ам
салаануудад хад асга ихтэй намхан уул байдгийг Дэлгэрхаан гэдэг. Энд шинэ
чулуун зэвсэг болон хүрэл, төмрийн үеийн олон арван булш, хадны бичээс, сүг
зураг, эртний барилгын туурь, олон километр үргэлжилсэн чулуун шивээ хороо
зэрэг олон төрлийн дурсгалтай.
Тухайлбал: Хар тойрмын дөрвөлжин булшны цогцолбор, Довжоо хэмээх эртний хотын туурь, Энгэрийн бууцны хүннү булш, Цагаан элгийн хадны зураг зэрэг нь дорнод монголын бүс нутагт төдийлөн элбэг тохиолддоггүй ховор чухал дурсгал юм. Энд чулуун зэвсгийн үеэс эхлэн эдүгээ хүртэл хүн тасралтгүй оршин амьдарч байсныг гэрчлэх олон зуун түүх, археологийн дурсгалууд хадгалагдан үлдсэн байдаг.
Будрын чулуу: Онгон сумын төвөөс баруун урагш 70 км-т Бударын чулуу
хэмээх газар энэхүү эртний дурсгал орших ба нутгийнхан “Догшин Бударын чулуу”
хэмээн нэрлэдэг хад цохиот сонин тогтоц бүхий газар юм. Тус хаданд Мухарын
ганга, Хулгайчийн шанд зэрэг өвөрмөц тогтоцтой хаднууд элбэг бий.
Хулгайчийн шанд: Бударын чулууны өөр нэгэн өвөрмөц тогтоцтой газар нь эрт дээр цагт шилийн
сайн эрсийн нуугдаж алжаалаа тайлж амардаг Хулгайчийн шанд нэртэй газар билээ.
Уг газар нь хоёр гурван метрийн өндөртэй хадны дунд жижигхэн шандтай эргэн
тойрон хадан цохиотой өвөрмөц газар юм.
Хужиртын хавцал: Баяндэлгэр сумаас баруун урагш 30 гаруй км-т байрлах
хадан цохио, хавцлыг нутгийнхан Хужиртын хавцал гэж нэрлэдэг бөгөөд тус газарт
хадны сийлмэл зураг, төвөд бичиг зэрэг олон дурсгал байдаг.
Онгон таван булаг: Баяндэлгэр сумын нутаг Онгон элс хормойдон орших
Баруунбулаг, Дундбулаг, Талбулаг, Гүнбулаг, Зүүнбулаг зэрэг элснээс эх авсан
үзэсгэлэнт булгуудыг Онгон таван булаг гэж нэрлэдэг. Голын хоёр талаас
үзүүрээрээ бөхийн нийлж ургасан 33 салаа, 3 булаг бүхий “Харанхуй”, элснээс
ундрах рашаан ус, ногоон хөв бүхий Дунд булаг, Зүүн булаг зэрэг элсний
үзэсгэлэнт булгууд, тэнд байх эмийн ургамал өнгө өнгийн шавар, шороон будаг нь
байгалийн ховор дурсгалд орно.
Хар ямаат уул: Хэнтий аймгийн Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт оршино. Хар ямаатын уулыг 1998 онд Байгалийн нөөц газар болгож Улсын тусгай хамгаалалтад авсан. Хар ямаат нь Хэнтий нурууны төгсгөл, бэсрэг уулс бөгөөд тал нутгийн “Хангай” гэж нэрлэгддэг газар. Хад цохио
элбэгтэй, хээрийн бүсэд ховор тохиолдох байгалийн өвөрмөц тогтоцтой.
Сөөг, буйлс, улиангарын ширэнгэ 70 гаруй га талбайг эзэлдэг. Гандигар, яшил, гүйлс, нохойн хошуу, чаргай, мойл, үрэл, долоогоно нарс, улиасны төгөл, жимс, жимсгэнэ өргөн тархсан ховор болон эмийн ургамал ургадаг Улаан номд орсон эмийн бамбай 2 зүйл, алтан цэгцүүхэй, монгол догор, алтан товч, сөд, хунчир, мэхээр, сараана, хусандай, тосондой ургадаг. Ховор амьтан болох бор гөрөөс, бугатай.