Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол өнөөдөр боллоо.
Есөн
хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга
морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг
хүлэглэсэн торгон цэрэг цэнгүүлж, төрийн тусгай хамгаалалтынхан дагаж, зэвсэгт
хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлсэн юм. Төрийн ордныг нар
зөв тойруулан цэнгүүлсний дараа Их цагаан тугийг торгон цэргүүд Төрийн ордны
Ёслол хүндэтгэлийн танхимд буцаан заллаа.
Энэхүү
хүндэтгэлийн ёслолыг жирийн иргэдээс гадна гадны жуулчид ихээр сонирхож байсан.
Үндэсний их баяр наадмын өмнөх өдрүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлж, наадмын нээлтийн өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн залдаг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу Есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол нь үнэхээр төрт ёсны гүн хүндэтгэлт арга хэмжээ болохыг нүдээр үзсэн хүн бүр гүнээ ойлгосон гэдэгт итгэлтэй байна.
Есөн хөлт цагаан туг бол Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл юм. Монгол Улс ардчилсан хөгжлийн замд шилжсэний дараа 1992 онд Цагаан тугийг шинээр бүтээн бүтээж, төр улсын энх мөнх оршихын бэлгэдэл болгон залжээ.
Ташрамд дурдахад, 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар, “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж тунхаглан зарласан бөгөөд Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуульд нарийвчлан заасны дагуу манай улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон мянган цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай дэл сүүлээр үйлдсэн юм. Түүнчлэн бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан хүрээ мандал хэлбэртэй суурь дээр залан Төрийн ордонд байрлуулсан бөгөөд газарт хүргэхийг цээрлэдэг цаазтай.
Есөн хөлт Их цагаан тугийн оройн гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн ширмэл дөл бадрааж, хоёр талд нь ган дөрвөн цагариг унжуулжээ. Тэдгээр цагариг бат бэхийг бэлгэднэ. Сүлдэнд түүнчлэн их цагаан өргөөг дуурайлган бүрхүүл хийж цагаан хялгасаар торлон гэрийн ханыг төлөөлүүлсэн байдаг. Их цагаан туг гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг билээ. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бүх бэлгэдэл есөн хөлт Их цагаан туг сүлдэнд шингэсэн гэдэг.