Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-07-11 08:53:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдөр өнөөдөр тохиож байна.


Үндэсний их баяр наадмыг нээхдээ Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэнд залан эхлүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор өнөөдөр 09.30 цагт Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол боллоо. Энэхүү хүндэтгэлийн ёслолыг үзэхээр иргэд, гадаадын  жуулчид олноор цугларсан байв.


Есөн хөлт цагаан туг бол Монгол төрийн сүр хүч, тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл юм. Монгол Улс ардчилсан хөгжлийн замд шилжсэний дараа 1992 онд Цагаан тугийг шинээр бүтээн бүтээж, төр улсын энх мөнх оршихын бэлгэдэл болгон залжээ.

Ташрамд дурдахад, 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар, “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж тунхаглан зарласан бөгөөд Төрийн бэлгэ, тэмдгийн тухай хуульд нарийвчлан заасны дагуу манай улсын бүх аймгийн адуун сүргээс шилж сонгосон мянган цагаан зүсмийн азарганы 80 см-ээс доошгүй урттай дэл сүүлээр үйлдсэн юм. Түүнчлэн бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан хүрээ мандал хэлбэртэй суурь дээр залан Төрийн ордонд байрлуулсан бөгөөд газарт хүргэхийг цээрлэдэг цаазтай.

Есөн хөлт Их цагаан тугийн оройн гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн ширмэл дөл бадрааж, хоёр талд нь ган дөрвөн цагариг унжуулжээ. Тэдгээр цагариг бат бэхийг бэлгэднэ. Сүлдэнд түүнчлэн их цагаан өргөөг дуурайлган бүрхүүл хийж цагаан хялгасаар торлон гэрийн ханыг төлөөлүүлсэн байдаг. Их цагаан туг гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг билээ. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бүх бэлгэдэл есөн хөлт Их цагаан туг сүлдэнд шингэсэн гэдэг.







Related news