ДОРНОД: Буйрт амрагчид БНХАУ-ын Амгаланбаатар, Хайлаар, Манжуур хотоор аялах боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-08-01 16:01:31

Чойбалсан /МОНЦАМЭ/. Буйр нуурт аялж амарч байгаа иргэд гадаад паспортаа авчирсан бол хил нэвтрэх боломжтой ажээ.


Тухайлбал, хил гаалийн зөвшөөрөл хэвийн үед Буйраас хоёр цаг давхиад Баянхошууны боомтоор нэвтэрч, БНХАУ-ын Амгаланбаатар, Хайлаар, Манжуур хотоор аялж болох юм.


Дорнодыг зорьж байгаа аялагчдын ихэнх нь очиж амардаг Буйр нуур нь Улаанбаатар хотоос 960 гаруй км, Чойбалсан хотоос 300 шахам км-т оршдог. Энэхүү нуурын арван хувь нь БНХАУ-ын нутагт харьяалдаг бөгөөд Монгол Улсын цор ганц усан хил гэдгээрээ онцлог.


Тал нутгийн сувд болсон Буйр нуураас баруун зүгт 100 км урт, 60 гаруй км өргөнтэй, алдарт Мэнэнгийн тэгш тал бий. Мэнэнгийн талд хонож, өглөөний нар мандаж буй агшныг харах нь аялагчдад гойд сэтгэгдэл төрүүлдэг.  


Мөн энэ нутагт Халхын Сэцэн Хан аймгийн То Вангийн удирдлагаар 1859-1864 онд бүтээн босгосон Их Бурхант цогцолбор байдаг. Түүнчлэн Монгол Улсын хилийн хязгаарт 80 гаруй жилийн өмнө болсон Халх голын дайны ялалтын түүхийг гэрчлэх дурсгалт газрууд бий. 

Related news