Галт тэрэгний тасалбарыг аль ч цагт буцаах боломжтой болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УБТЗ ӨНӨӨДӨР
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-02 16:02:50

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Галт тэргээр зорчигчдын цаг завыг хэмнэх зорилгоор өчигдрөөс eticket.ubtz.mn сайт болон “УБТЗ тасалбар-UBTZ ticket” апплейкшинээр худалдан авсан тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломжтой болжээ.


Ингэхдээ та тухайн галт тэрэг аялахаас 24 цагийн өмнө eticket.ubtz.mn веб сайтаар дамжуулан буцаах хүсэлт илгээх ёстой юм. Тасалбар буцаахад тасалбарын үнийн дүнгээс 10 хувийг суутган ажлын тав хоногийн дотор зорчигчийн дансанд шилжүүлнэ. Хэрэв та 24 цаг дотор тасалбар буцаах тохиолдолд 1900-1949 лавлах утсанд холбогдох,  эсхүл өөрт ойр байрлах тасалбар худалдаалах газарт хандаж болох аж.


Тасалбар буцаах хүсэлт хүлээгдэж буй төлөвт байгаа тохиолдолд уг хүсэлтийг зорчигч өөрөө цуцлах боломжтой. Хэрэв хүсэлт хянагдаж байгаа төлөвт байгаа тохиолдолд буцаах хүсэлтийг цуцлах боломжгүй юм байна. Харин насанд хүрээгүй хүүхдийн тасалбарыг эцэг эх болон асран хамгаалагчийн хүсэлтээр буцаах бөгөөд төлбөрийг эцэг, эх, асран хамгаалагчийн дансанд шилжүүлнэ.


Зорчигчид тасалбар авахдаа болон буцаахдаа өөрийн мэдээлэл, холбоо барих утасны дугаар, дансаа тодорхой бичих ёстойг УБТЗ-аас анхаарууллаа.

Related news