ГХЯ иргэдийн бичиг баримтыг шуудангаар хүргэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭГХЯ-ны Консулын газар “Монгол шуудан” компанитай хамтран хилийн чанад дахь дипломат болон консулын төлөөлөгчийн газарт баталгаажуулсан баримт бичигийг энэ сарын 21-нээс эхлэн шуудангаар хүргэх үйлчилгээг нэвтрүүллээ.
Гадаадад байгаа иргэдээс ирүүлсэн апостиль гэрчилгээ, нотариатын үйлдэл, консулын баталгаа зэрэг бичиг баримтыг иргэд заавал ГХЯ-наас биечлэн ирж авдаг байсан. Үүнд иргэд ихээхэн цаг зарцуулдаг байсан тул шуудангийн үйлчилгээг нэвтрүүлэх болжээ. “Монгол шуудан” компани нь 21 аймаг, бүх сумдад салбартай тул иргэдэд бичиг баримтыг нь хүргэхэд түргэн, шуурхай болох юм. Шуудангаар хүргэхэд хаягийн байршил болон бичиг баримтын хуудсын тооноос хамааран 1500-6000 төгрөгийн үнэтэй байх аж.
Консулын газар өнгөрсөн онд 514 апостиль гэрчилгээ олгож, 387 баримт бичигт консулын баталгаа гаргаж, хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудаас ирүүлсэн 856 итгэмжлэлийг хүлээлгэн өгчээ. Харин энэ онд 6100 апостиль гэрчилгээ олгож, 8000 гаруй баримт бичигт консулын баталгаа гаргаж, 5000 орчим итгэмжлэлийг хүлээн авчээ.
Ч.Ариунболд