Кувейт улсын иргэд Хөвсгөлөөс 2 шонхор барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-22 14:22:28

Монгол улс 2012 онд шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгосон хэдий ч бэлэгдлийн журмаар тодорхой хэмжээний шонхор шувууг гадагш гаргаж байна. Өнөөдрйин байдлаар Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд идлэг шонхор барих Кувейт улсын 1 отог ажиллаж байна.

Тус отог Монгол Улсын хэмжээнд БОАЖ-ын яамны зөвшөөрөлтэйгээр 10 аймгийн нутаг дэвсгэрээс 13 шонхор барихаар гэрээ хийжээ.

Шонхор шувуу нь нүүдлийн шувуу бөгөөд үлийн цагаан оготоно элбэг газруудад ихэвчлэн байрладаг байна. Тус аймгийн хэмжээнд Цэцэрлэг сумын нутгаар байдаг гэнэ. 2015 онд Цэцэрлэг сумаас 6 ширхэг шонхорыг зөвшөөрөлтэйгээр барьсан бол энэ онд 2 шонхор шувууг барих зөвшөөрлийг холбогдох газруудаас өгчээ.

Монгол Улсаас 1 шонхор шувуу барихад 9,800 орчим  доллар төлдөг бөгөөд энэ мөнгөний 40 хувь нь орон нутагт ордог байна. Мөн Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй шонхор барихыг завдсан 1 иргэнийг саатуулж торгуулийн арга хэмжээ аваад байгаа ажээ.

Б.Гантуяа 

Related news