ДАРХАН-УУЛ: Малчид 14 хоногт 280 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-12-04 18:15:37

Дархан, 2023 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн ХХААГ, малчин, мал бүхий иргэдтэй хамтран “Өвлийн идэш-2023” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Уг үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 17-30-ны өдөр зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч малчид болон иргэдийн хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлэн зохион байгуулахаар болжээ.



Арваннэгдүгээр сарын 17-30-ны хооронд нийт 11 төрлийн бүтээгдэхүүний 280 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үүнд амьд мал, мах, махан бүтээгдэхүүн, дайвар болон лаазалж, нөөшилсөн бүтээгдэхүүн, цагаан идээ багтжээ.



"Өвлийн идэш-2023" нэгдсэн үйл ажиллагаанд Дархан-Уул, Булган, Архангай Сэлэнгэ, Хөвсгөл, Төв аймгаас малчид ирж оролцож байна. Худалдан авалт баасан, бямба гарагт харьцангуй их байгааг малчид хэлж байлаа. Ажлын өдрүүдэд болон ням гарагт дээрх хоёр өдрөөс бага, дунджаар 4-5 хоногт 20 орчим тонн мах болон бусад бүтээгдэхүүн худалдаж байна. Үнийн хувьд үхрийн мах 9000-9500 төгрөг, адууны мах 8000-8500 төгрөг, хонины мах 7000-7500 төгрөг, гахайн мах 12000-15000 төгрөгийн хооронд худалдаж байна.


Ташрамд дурдахад, Дархан хотын хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан үнийн хөөрөгдлийг арилгах, хэрэглэгчдэд ченжийн гар дамжаагүй, дундын зуучлагчгүй үнээр худалдах боломжийг нээн “Өвлийн идэш-2023” үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Related news