ХЭНТИЙ: Ой, жимс жимсгэний мод, сөөгийн үржүүлгийн сургагч багш нарыг бэлтгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЧингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ой, жимс жимсгэний мод сөөгийн үржүүлгийн сургагч бэлтгэх сургалтыг 12 дугаар сарын 8, 9-ний өдөр Чингис хотноо зохион байгууллаа.
Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулсан тус сургалтад албан байгууллагуудын төлөөллүүд болон хувиараа жимс, хүнсний ногоо тариалдаг 40 орчим хүмүүс хамрагдсан бөгөөд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав сертификат гардуулсан юм.
Тус сургалтаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулалт, ногоон байгууламжийн зориулалтаар тарьж буй мод, сөөгийг хэрхэн зөв тарих, яаж хамгаалах, мод ургамалд тохиолддог өвчин болон мэрэгч амьтнаас урьдчилан сэргийлэх зэрэг мэдээ мэдээлэл өгч, сургагч багш бэлтгэлээ.
"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хэнтий аймаг 2030 он гэхэд 30 сая мод тарьж ургуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.