ХЭНТИЙ: 5.3 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлөөгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-12-14 11:59:04
Чингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хэмжээнд 2009 оноос олгож эхэлсэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, сум хөгжүүлэх сан, аймаг, сумын Жижиг дунд бизнесийг дэмжих сан, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан 1000 гаруй иргэн 5.3 тэрбум төгрөгийн зээлээ эргэн төлөөгүй байна.

Аймгийн Засаг даргын санаачилгаар энэ оны зургаадугаар сараас эхлэн найдваргүй зээлдэгчдийн нэрсийг цахим сүлжээнд ил тод мэдээлж, төрд учирсан хохирлыг барагдуулж, дараагийн иргэдэд боломж олгох ажлыг зохион байгуулав. Ингэснээр 600 гаруй сая төгрөгийн зээл эргэн төлөгдөж, дараагийн иргэддээ бодит дэмжлэг болон очжээ.

Мөн тендерийг 100 хувь цахимаар зарлаж, үнэлгээний хорооны өрөөг тохижуулж камержуулан, үйл явцыг иргэдэд харах боломжтой болгож сонгон шалгаруулалтыг ил тод явуулж байна. Ингэснээр тендер шалгаруулалттай холбоотой гомдлын тоо сүүлийн хоёр жилд хоёр удаа гарсан бөгөөд энэ нь 2020 онтой харьцуулахад 90 хувиар буурсан үзүүлэлт аж.
Related news