Байгаль хамгаалах сэдэвт тэмцээнд малчид оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-09-26 10:12:30

Ховд болон Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Говийн Их Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргаа хамтарч Говийн зургаан ховор амьтан болох хулан, тахь, хавтгай, монгол бөхөн, мазаалай, хар сүүлтийг хамгаалах ажлын хүрээнд нутгийн иргэдийг оролцуулан дэвжээ тэмцээн явууллаа.

Тэмцээний зорилго нь нутгийн иргэдийн байгаль хамгаалах мэдлэг мэдээллийг  нэмэгдүүлэх, дээрх  амьтдыг  өвөг дээдэс  маань  өөрсдийн амьдралын болон  байгалийн салшгүй хэсэг  хэмээн  үзэж ирсэн уламжлалыг сэргээх, эдгээр амьтдын хамгаалахад нутгийн иргэдийн байр суурийг тодорхой болгоход чиглэж байгаа бөгөөд “Говь таныгаа магтан дуулъя” хэмээх дэвжээ тэмцээнийг Тахийн тал Их говийн ДЦГ-ын хамгаалалтын захиргааны Б хэсэгт зохион байгуулжээ.

Тус дэвжээ тэмцээнд Говь-Алтай аймгийн Бугат сумын Биж, Тонхил сумын Алтансоёмбо, Ховд аймгийн  Алтай сумын Алтангадас,  Барлаг зэрэг  4 багийн иргэд оролцлоо.

Дэвжээ тэмцээнд оролцсон багийн гишүүдийн бүрэлдэхүүнд төрийн албан хаагч 2, малчны төлөөлөл 5 нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй  байв. Тэмцээнд оролцсон багууд “Говь таныгаа магтан дуулъя”  сэдвийн агуулгыг урлаг уран сайхны аргаар илэрхийлсэн мэндчилгээ, Говийн зургаан гайхамшиг болсон дээрх амьтдын талаар Монгол Улсын байгаль хамгаалах хууль,  Монгол Улсын  амьтны  тухай  хууль  болон  эрх  зүйн  актуудын  хүрээнд хэрхэн  тусгагдсан  байдаг  тухай   асуулт  хариултын  уралдаанд хамрагдлаа.

Мөн “Говь таныгаа магтан дуулъя бид” сэдвийн хүрээнд эрэгтэй эмэгтэй дууны хослол,  бүжгийн үзүүлбэр буюу хулан, тахь, хавтгай, бөхөн, хар сүүлт, мазаалай гэсэн зургаан амьтны аль нэгийг нь онцлох эсвэл хэд хэдэн амьтдын онцлогийг бүжгээр илэрхийлэх, “Говь таньдаа өргөх үгэн бэлэг” сэдэвт магтаал, яруу найргийн уралдаан зэрэг төрлөөр өрсөлдсөн юм.

Мөн тэмцээнийг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг дүгнэхдээ багуудын  үзүүлбэр дэх шинэлэг санаа, амьтдын өнөөгийн байдал болон ирээдүйг үнэн бодитоор  харуулсан зэргийг харгалзан үзэж 1-3 байр шалгаруулан 100.000-200.000 төгрөгөөр шагнажээ.

А.Бямбасүрэн

Related news