Орхон аймгийн Баян-Өндөр сумыг хуваах санал гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-07 16:00:23

Орхон аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар  Баян-Өндөр сумыг хоёр хуваах саналыг АЗДТГ-ын дарга В.Сумъяасүх танилцууллаа. Учир нь Баян-Өндөр сум нь хүн ам хэт төвлөрсөн ба 21 багтай. Эдгээр багийн долоо нь аймгийн төвд, үлдсэн нь гэр хорооллынх юм.

Нэг багт дунджаар 4000 гаруй иргэн оршин сууж байна. Энэ нь төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд хүндрэл учруулж байна гэлээ. Орхон аймаг  100 мянга гаруй хүн амтай ч үүний 90 хувь нь Баян-Өндөр суманд амьдарч байна. Иймд Баян-Өндөр сумыг нэгд, Баян-Өндөр дүүрэг, хоёрт Шинэ дүүрэг гэж хуваах нь оновчтой хэмээн ЗДТГ-ын дарга В.Сумъясүх хэллээ. Баян-Өндөр дүүргийг 50 гаруй мянган хүн амтай, төрийн 40 байгууллага, 21 цэцэрлэг, 10 сургууль, эрүүл мэндийн 35 байгууллага, 833 аж ахуйн нэгж байхаар төлөвлөжээ. Мөн 11 байхаар тооцсон байна.

Харин Шинэ дүүрэгт төрийн 47 байгуулага, 13 цэцэрлэг, есөн сургууль зэрэг байхаар төлөвлөжээ. Уг дүүрэгт 10 баг харьяалагдах гэнэ. Гэхдээ сум хуваах болон нэмэх эрх нь орон нутагт байхгүй ч өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, түүнээс гарах гарцыг ийнхүү судалсан хэмээн В.Сумъяасүх хэллээ. Энэ саналаа УИХ-д танилцуулна гэв. 

Б.Оюун-Эрдэнэ

Related news
Comments