ДАРХАН-УУЛ: Сан хөмрөгөө баяжуулахын тулд цуглуулгын ажлыг тогтмол хийдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-03-25 17:39:38

Дархан, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймаг, орон нутгийн түүхийг гэрчилж, шашин, соёлын хосгүй болон үнэт зүйлийг хадгалан хамгаалах, олон нийтэд таниулах зорилгоор музей үйл ажиллагаа явуулдаг. Музейн хамт олон сан хөмрөгөө баяжуулахын тулд цуглуулгын ажлыг тогтмол хийж байна. 




Тус музей нь Монголын болон орон нутгийн эрт, эдүгээ үеийн түүх, байгалийн болон угсаатны өв, соёлын түүхийг дэлгэн үзүүлэх, хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх, судлан сурталчлах, танин мэдэхүй соёл, судалгаа шинжилгээ хосолсон төрийн үйлчилгээний томоохон байгууллага болон өргөжсөөр байна.


Захирал, сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч, эрдэм шинжилгээний ажилтан, боловсролын ажилтан, тайлбарлагч, үзмэр харагч, нягтлан бодогч зэрэг найман хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.




Түүх, соёлын дурсгал, байгалийн баялгийн дээжис, ахуй амьдрал, нийгмийн хөгжлийн холбогдолтой эд зүйлсээр музейн сан хөмрөг бүрддэг.




Сан хөмрөгийн үзмэр баяжилт нь байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол орны газар, газраас Дархан хотод суурьшин ирсэн иргэдийн хандив, цуглуулгаас болон музейн анхны эрхлэгч Д.Төмөр-Очир, анхны фондчин Д.Дамба нарын хайгуул, цуглуулгын үр дүнд өнөөдрийн музейн сан хөмрөгийн үндэс, суурь, хөгжил тавигдсан байна.




Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт Хараагийн дарь эх ламын Гэцогдаржаалин хийдэд хадгалагдаж буй соёлын биет өвийг бүртгэн баримтжуулах ажлыг зохион байгуулжээ..




Өнөөдрийн байдлаар 1031 дэсийн 1449 үзмэр хадгалагдаж байна. Эдгээрийг  төрлүүдэд хувааж үзвэл урлаг, уран сайхан 9.9 хувь, түүхийн холбогдолтой 51.5 хувь, угсаатны зүй 17.5 хувь, шашин, шүтлэг 17.4 хувь, палеонтологи 0.3 хувь, археологи 0.2 хувь, байгалийн дурсгал 5.5 хувийг эзэлж байна.


Эдгээр бүх үзмэрийг 100 хувь зурагжуулж, паспортжуулан аймаг, улсын бүртгэл мэдээллийн санд хамруулан цахим хэлбэрт давхар хадгалж байна.




Түүнчлэн сан хөмрөгөө улам баяжуулахын тулд хуучин эд өлгийн зүйлийн талаар судалгаа, шинжилгээний ажлыг боловсронгуй болгох зорилт тавьжээ.



Мөн энэ жилээс эхлэн соёлын биет болон биет бус өвийн өвлөн тээгчдийг алдаршуулах, тэдэнд хадгалагдаж буй өвийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг сар бүр тогтмол зохион байгуулж байна. 



Related news