Үлэг гүрвэлийн мөрт “Шар цав” хэмээх газрыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
uranatuya@gmail.com
2024-04-22 19:15:27

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас үлэг гүрвэлийн мөртШар цавхэмээх газрыг ЮНЕСКО бүртгүүлэхээр ажиллаж байгаа тухай мэдээллээ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай сумын заагт орших “Шар цав” хэмээх газрыг ЮНЕСКО-гийн Геопаркийн олон улсын сүлжээнд бүртгүүлэхээр холбогдох албаны хүмүүс хамтран ажиллаж эхлээд байгаа юм. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Матилда Димовска тэргүүтэй төлөөлөл Геопаркийн үндэсний хорооны зарим гишүүний хамтаар энэ амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, оролцогч талууд болох Рио Тинто Монголиа, Оюу толгой компанийн холбогдох албаны хүмүүс, Ханбогд сумын удирдлагуудын хамтаар дээрх сүлжээнд нэгдэхэд шаардагдлагатай арга хэмжээний талаар санал солилцжээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн геопарк болохоор төлөвлөж буй газар нутаг нь эхлээд үндэсний геопарк болсон байх шаардлагатай ба тухайн газрууд ЮНЕСКО-гийн дэлхийн өв, шим мандлын нөөц газар, геопарк гэх мэт олон тодорхойлолтыг давхар авсан байдаг. Эдгээр тодорхойлолтуудын нэг нь нөгөөгөө нөхөж, тухайн газрын хадгалалт хамгаалалтыг илүү сайжруулдгаараа давуу талтай. Тухайлбал, шим мандлын нөөц газрууд биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалахад гол анхаарлаа төвлөрүүлдэг бол дэлхийн өв нь түүх соёлын дурсгалт газруудыг илүү чухалчилдаг. Харин геопарк нь эдгээрийг илүү баяжуулж геологийн өвийг хамгаалахын сацуу тухайн газар нутагт амьдарч буй ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулахад анхаарлаа төвлөрүүлж ажилладаг онцлогтой юм байна.

 

ЮНЕСКО-гоос Дэлхийн геопаркууд хөтөлбөрийг олон улсын түвшинд геологийн ач холбогдол бүхий газруудыг дэмжин хөгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-гийн Геопаркийн олон улсын сүлжээ бий болжээ. Одоогоор ЮНЕСКО-гийн Геопаркийн олон улсын сүлжээнд дэлхийн 48 орны 213 газар бүртгэгдээд буй юм

Related news