Колумбын Ерөнхийлөгч Нобелийн шагналын мөнгөө хандивлана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБОГОТА. /Xinhua/. Нобелийн Энх тайвны шагналын эзнээр тодорсон Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос шагналын мөнгөө 52 жил үргэлжилсэн иргэний дайны хохирогчдод хандивлахаа мэдэгдлээ.
Колумбын босогчдын хамгийн том бүлэглэл болох “ФАРК”-тай /Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин/ өнгөрсөн сард энхийн хэлэлцээр байгуулан хагас зуун жил гаруй үргэлжилсэн иргэний дайныг төгсгөл болгосныг нь үнэлэн Х.М.Сантосыг Нобелийн Энх тайвны шагналтнаар тодруулсан юм.
Гэсэн хэдий ч босогчидтой энхийн гэрээ байгуулсан явдлыг өнгөрсөн сард тус улсад болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын талаас илүү хувь нь /50.24 хувь/ эсэргүүцсэн билээ. Уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх эсэхийг Колумбын ард иргэд шийдэх ёстой юм.
Газар өмчлөх эрхтэй холбоотойгоор 1960-аад оны үед Колумбын Засгийн газар болон "ФАРК" хооронд дэгдсэн зэвсэгт мөргөлдөөн 220 мянга орчим хүний аминд хүрч, зургаан сая хүнийг орон гэрээсээ дүрвэхэд хүргэжээ.
Ерөнхийлөгч Х.М.Сантос өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэхдээ “өнгөрсөн шөнө би гэр бүлийнхэнтэйгээ ярилцлаа. Бид Энх тайвны шагналыг дагалдах 8 сая крон буюу 925 мянган долларыг хохирогчдод хандивлахаар шийдсэн” гэв.
Г.Доржханд