30 жилийн ойн босгон дээрээ “Улсын тэргүүний цэцэрлэг” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-10 15:12:33

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р цэцэрлэг нь 30 жилийн түүхт ойн босгон дээрээ “Улсын тэргүүний цэцэрлэг” боллоо. Энэ сарын 5-нд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болсон Дэлхийн багш нарын 22 дахь, Монголын багш нарын 50 дахь өдрийн Хүндэтгэл ёслолын үйл ажиллагаан дээр шагналаа гардаж авсан байна.

Шагнал гардах ёслолд аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, БСУГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнгөнбаяр болон Хэрлэн 4-р цэцэрлэгийн багш нарын төлөөлөл оролцжээ. 1987 онд байгуулагдсан тус цэцэрлэг нь 2014 онд шинээр өргөтгөлийн барилгатай болж, өнөөдрийн байдлаар 11 бүлэгт 333 хүүхэд СӨБ эзэмшиж байна. Нийт 41 ажиллагсадтай, 100 хувь мэргэжлийн багшаар хангагдсан тус хамт олны дунд Монгол Улсын гавьяат багш, зөвлөх багш Р.Эрдэнэцэцэг, Тэргүүлэх зэрэгтэй багш П.Ариунгэрэл, мөн арга зүйч зэрэгтэй 6 багш ажилладаг байна.

Улсын шилдэг хамт олны амжилтаас дурдвал, 2015-2016 хичээлийн жилд хүүхдийн хөгжлийн ахицыг нэмэгдүүлэх, тэдний авьяасыг хөгжүүлэх талаар амжилттай ажиллаж, хүүхдийн урлагийн “Яргуй” наадам болон бусад уралдаан тэмцээнүүдэд 1-3 дугаар байрыг удаа дараа эзэлжээ.

Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалт, БСШУЯ-ны хөрөнгө оруулалт, эцэг эхийн тусламж дэмжлэг, төрөл бүрийн төсөл хөтөлбөрөөр дамжуулан цэцэрлэгийн гадна, дотно орчноо стандартын дагуу тохижуулж чадсан нь тус цэцэрлэгийн удирдлагын багийн хамт олны хичээл зүтгэлийн үр дүн юм. Түүнчлэн эцэг эхийн оролцоо хамгаас чухал байдаг бөгөөд тус цэцэрлэг нь эцэг эхчүүдийнхээ дунд сар бүр нэрэмжит ажлуудыг зохион байгуулдаг байна.

О.Буянхишиг

Related news