ДУНДГОВЬ: Ихэнх сумын нутгаар усархаг аадар бороо орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн мэдээлснээр 7
дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Дундговь аймгийн ихэнх сумын нутгаар усархаг
аадар бороо орлоо.
Тодруулбал, Цагаандэлгэр суманд 50 мм, Адаацаг, Луус сумын нутгаар 30-34
мм, Сайнцагаан, Эрдэнэдалай, Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутагт 13-24 мм,
бусад сумын нутгаар 0,0-8,0 мм бороо оржээ. Харин Сайхан-Овоо суманд бороо
ороогүй байна.
Сайнцагаан суманд орсон борооны улмаас аймгийн Онцгой байдлын газарт байгууллага, иргэдээс үерийн усанд боогдсон, усанд автсан гэх 3 дуудлага ирж, дуудлагаар Онцгой байдлын газар болон Сайнцагаан сумын мэргэжлийн ангийн 32 алба хаагч 9 автомашинтай үүрэг гүйцэтгэсэн байна.
Түүнчлэн аймгийн төвөөс урагш байрлах Мандалын говьд автомашин шаварт
сууж, Онцгой байдлын газарт дуудлага тасрахгүй байгааг тус байгууллагаас
мэдээлэв.
Бороо хуртай энэ өдрүүдэд Дундговь аймгийн Дэрэн, Говь-Угтаал,
Цагаандэлгэр, Өндөршил, Өлзийт, Луус, Гурвансайхан сумын 100 жилийн түүхт ойн
баяр наадам болж байгаа тул наадамчин олны хөл хөдөлгөөн их байна.
Тиймээс хөдөөгийн зам ус, шавар ихтэй байгаа тул иргэдийг баталгаатай замаар зорчихыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.