Эрэгтэйчүүдээс Ц.Цогбадрах хүрэл медалийн төлөө барилдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Албанийн Тирана хотод болж буй чөлөөт, сонгомол бөхийн олимпын бус жингийн ДАШТ өнөөдөр эрэгтэй дөрвөн жингийн дагах болон медалийн төлөөх барилдаанаар өндөрлөнө.
Манайхаас дөрвөн бөх барилдахад 61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Ц.Цогбадрах хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарч үлдэв. Тэрбээр эхний тойрогт Беларусын бөхийг 2:1, дараа нь жиндээ дэлхийн чансааг тэргүүлж буй Киргизийг Тайырбек Уулуг 3:0, улмаар Ираны тамирчныг 3:1-ээр хожсоноор шөвгийн дөрөвт шалгарсан юм. Гэвч хагас шигшээ барилдаанд Туркийн Ахмет Думанд дийлдсэнээр хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов. Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар өнөө шөнө 00:00 цагаас эхэлнэ.
Тэгвэл 70 кг-д олон улсын хэмжээний мастер Э.Тэмүүлэн эхлээд Тажикийн
бөхтэй таарсан ч 0:11-ээр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Учир нь тажик эр финалдаж
чадаагүй юм. Харин 79 кг-д О.Сүлдхүү Оросын Магомаевт ялагдсан ч орос эрх
финалдсан тул манай тамирчин дагах барилдааныг Азербайжаны Абасовтой хийхээр
болов. Үүнээс гадна 92 кг-д Г.Ганхуяг мастер
Польш, Канадын бөхийг дараалан ялсан ч Италид 5:7-гоор хожигдсоноор үзэгчдийн
суудалд шилжлээ.